Экологид ээлтэй, амьжиргааны чанартай хашаа

(Монголын бүх гэр хорооллынхонд)

Түмэн үеэрээ нүүдэллэн аяншсан эсгий туургат монгол гэр мину зээ.

Арагт тухалж, атан тэмээний нуруунд бүүвэйлэгдэн нутаг сэлгэж, эсгийн бойтогоор газар тамгалж хөлд орсон цагаасаа монгол гэрийн агаар сэлгэмэл амьдралд дассан монгол хүү надад гэрээс  илүү гайхамшигтай  өргөө орд гэж  хаана ч байхгүй билээ. Тэнгэр тольдмол  тооно, наран гиймэл үүд, хаяа дэлгэмэл ханат цагаан гэр маань туурга тусгаар монголчуудын үржиж олширсон орон байр, үргэлжид мандсан хаан их шилтгээн буюу.

Цаг цагийн эргэлтэд нүүдэл хийж, цантай хорвоод ханаа дугуйлж, цадиг их түүхээ гараараа бичиж үлдээсэн монголчууд хэмээх нэгэн үндэстэн буурал түүхийн улбаа болон үлдэж, эдүгээ мандан бадарч, ашид гэрэлтэх арван цагаан буяны замаар ороод явж байна гэлтэй.

Хангай говь, хээр тал хосолсон өргөн уудам нутагт малын хөл дагаж нүүдэллэн жаран жарныг элээсэн монголчууд  нэгэн цагт суурин амьдралын жамд шилжих тавилан байсан буй заа. Тэр цаг нь энэ буюу.

Нэг. Нүүдлээс сууринд 

Төв азийн монголчуудын суурьшил “эсгий хот”-оос угшилтай. Тэр нь зөвхөн Улаанбаатарын тухайд Хүнчулууны хөндийд монгол улсын нийслэл төвлөрч, эсгий гэрээр шав тавьж эхэлсэн  тэр цагаас улбаатай бөгөөд өнөөдөр 20 гаруй мянган га талбайг гэр хороолол эзэлж, бас аймгийн төвүүд, Эрдэнэт, Дархан, Багануур, Бор-Өндөр, Зүүнхараа мэт том хотууд, олон арван суурин газрууд бий болж, түүнийг хаяалан зуу, мянгаараа айлууд хашаалан төвхнөж гэр хороолол гээчийг үүсгэсэн байна.

Ямар ч улсын том хотуудын хаяагаар  зарим нэгний хэлдгээр “борчуулын”     гэх захын хороололтой бөгөөд ялгаатай нь тагз, шавар амбаар, хэрэм, байшин  саваар дүүрсэн байдаг бол манайх арай өөр. Эсгий туургат монгол гэр гэдгээрээ онцдогтой. Тэд бүгд өөрийн гэсэн эдлэн, нэг нэгнээсээ тусгаарласан хашаа хороотой болж төвхнөсөн нь саяхан мэт. Гэвч хаа сайгүй гэр хороолол маань хаяагаа тэлсээр байна. Цаашид энэ маягаар ч улам өргөжнө. Яагаад гэвэл хүн төрж, хүнс нэмэгдэж бүх төв суурингууд “Уулс тийшээ хаяа тэлж”, бас шинээр хот тосгод сүндэрлэн босч, захын хорооллоо үүсгэнэ. Энэ бол зүй ёсны юм. Үүнийг хазаарлан барих, эсвэл бүгдийг орчин үеийн гэх тохилог орон сууцжуулах энэ тэр хэзээч бүтэхгүй санаархал. Яагаад гэвэл орон сууцанд орж хашааныхаа газрыг чөлөөлж өглөө ч, тэр хашаанд байсан айлуудын нэг нь л орж, бусад нь хөөгдөн шинэ хашаа барьж хотын хаяа бараадна.  Гэр хорооллын тэлэлт  ингэж нэмэгдэнэ. Гэр хороололгүй хот болох гэж мөрөөдөөд ч хэрэггүй.

Бас аймгууд хэдий эрчим хүч, хатуу хучилттай зам зэрэг дэд бүтэцтэй  холбогдож байгаа ч их нүүдэл тасраагүй байна. Энэ нэг хэсэгтээ зогсохгүй. Ингэж суурин газрыг бараадсан гэр хороолол үүсэх бүр өөрийн гэсэн  араншинтай амьдралын хэв маяг, эрээн бараан ертөнц үүсч, тэр нь хэн нэгний заавар, удирдамж чиглэлгүйгээр, өөрөөр хэлбэл удирдлага, жолоодлогогүйгээр хот тосгон гэх  том далай дээгүүр хөвж явна. Зүй нь  0,07 га-г иргэн өмчилж, тэнд нэг стандарт гэхээсээ илүү  нэгдмэл хандлага, зохистой төлөвлөлт бүхий хэв маяг бий болгон дагаж мөрдөх нь одоогийн хот байгуулалтын  чухал бүрэлдүүн, олон арван жил дагаж мөрдөх загвар байж болох үүднээс  “Экологид ээлтэй, амьжиргааны чанартай хашаа” гэдэг ойлголтыг гаргаж тавьж байгаа юм.

Энэ бол зөвхөн Улаанбаатарт төдийгүй, монголын бүх төв суурин газрын  хаяа гэр хорооллын хашаа, айл өрхөд хамааралтай гэж бодном би. Дашрамд тэмдэглэхэд Герман, Япон, АНУ, Өмнөд Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орнуудад олон давхар байшинд шимтэхгүй, харин иргэдийнхээ оршин байгаа байршил, байршилд нь дэд бүтцийг нь хийж өгдөг хандлага нь аль хэдүйн хэвшил болжээ. Манайд ийм бололцоо бүр илүү байна. Яагаад гэвэл монголчууд бид уужим газар нутагтай билээ.

Хоёр. Хашаа  хаданд гарах цаг ирнэ.

Гэр хорооллын хашаанд гэр, байшингаа хэрхэн байршуулснаас хашааны ирээдүйн үнэ цэнэ  ихээхэн  хамаарна. Та хэзээ нэгэн цагт нэмээд байшин сав, магадгүй хүүдээ гэр, орон сууц барих, охиноо хадамд гаргах гээд алаг амьдрал  буцалж, алгын чинээ газрын хэрэгцээ гарна. Тэгэхэд л аа, үүнийг энэ захад барьчихсан бол гэж амаа барихгүйн үүднээс алсыг харж шаваа тавих нь тун чухал шүү дээ. Тэгээд ч би ямагт  тэр 0.07 га газарт чинь 5 хүү гэрлүүлж, 5 охиноо хадамд гаргаж, өрх тусгаарлах газар гэж хэлж, ганц нэг өрөө орон сууцаар  сольчих гээд байгааг би тууштай эсэргүйцдэг дээ.

Газар бол улсын үндэс гэж Моодун Шаньюй хэлсэн гэдэг. Харин миний хувьд газар амьдралын үндэс. Тохилог гэх орон сууцанд амьдардаг хүнийг газартай хүн гэж хэлдэггүй. Тэд хүний эрхэнд, ус нь тасарвал ундгүй, тог нь тасарвал хоолгүй, бас Орифлемийн Оюунгэрэлийн айлгадгаар 3 хоног 9 гараг давхарлаж  харанхуй нөмөрч лаа, шүдэнз цуглуулах,  майхан барьж хотын захад хоноглох  зэрэг айдас хүйдэст автахгүй амар жимэр амьдрах болно.  Гэр байшингаа нэг захад гаргаснаар хашааны зай ашиглалт сайжирч, дараа дараагийн төлөвлөлт, байршлууд шийдэгдэнэ. Алга дарам газартай хүн агуу.

Гурав.  Хаалга үүдний хамиургатай нь дээр…

Тээр тэнд хашаандаа дааман хаалга, далавчит үүдээ гаргачихаад гэрлүүгээ нуруугаа үүрээд алхаж байгаа “хэн гуай” хотын биш, хөдөөний хүний  дүр зураг. Нэгэнт оногдсон газар нь жижигхэн тул юм юмаа өөртөө ойрхон байлгах хэрэгтэй. Хаалгууд хол байх нь хэд хэдэн сөрөг талтай. Том хаалгаар зөвхөн унаа машин орж гарах бөгөөд түүний хөлөөр газрын хөрс эвдэрч, зүлэг, ургамал устаж, зөвхөн улаан халцгай талбай үлддэг. Явган хаалгаар орж гарах хүмүүс мөн л хөрс элээж, зам гаргаж ашигт талбайгаас хумсалдаг. Тийм болохоор таны хашааны хаалгууд, гэр хоёрын чинь зай аль болох ойрхон нь дээр.

Том хаалгыг алс гаргаад түүгээр  машин орж гарах, гэр байшин хүртэл явах нь ихээхэн хол зам туулж, магадгүй хашаан дотуур туучиж, энд тэндүүр хэрэх тул ихээхэн талбайг эвдэж, бохирдуулдаг.

Болбол машин ухраад л гарах зайнд гараашаа барьж, хашаан дотуур туучих боломжийг нь хязгаарлавал газар ашиглалтанд сайн нөлөөтэй.

Дөрөв. ОО-ын хууль буюу ойрхон байхгүй бол зуурхан…

“ОО-ын хууль буюу ойрхон байхгүй бол зуурхан” гэсэн  бичигдээгүй хууль бие засах газарт үйлчилдэг юм. Газрын хол байгаа тэр жорлон руу “онцын” хэрэггүй хүн, тэр тусмаа эрчүүд  бүр явдаггүй. Зуур замдаа булан тохой, энэ тэрхнээр “ажлаа амжуулаад” буцдаг.  Намайг сурагч байхад  манай 10 жилийн сургуулийн захирал Цэвгээ гэдэг хүн биднийг “яван шээдгүүд” гэдэг байв. Хөхөө өвлийн  хасах 40 хэмийн хүйтэнд сургуулийн хашааны захад, хол  байгаа тэр жорлон руу бие засах гэж очих хөвгүүд бараг байхгүй, зуур замдаа давсагаа суллачихаад ирдэг байсан тул бид бүгд тийм хочтой байлаа.  Тэр цаг өнгөрсөн зууны  жараад он гэж бодоход мөн ч их хугацаа өнгөрч. Гэсэн хэдий ч жорлонгоо  бохир  юм гэж үзэж хол барьдаг дадал одоо хүртэл  зүүгдсээр.  Түүн шиг жорлонг ингэж хол барих нь мөн л явган зам гарч, хол явах, эсвэл зууртаа бие засах, эцэст тэр орчин бүрэн бохирдох муу талтайг анхаарч түүнийг гуравхан алхам  ойр  барих хэрэгтэй.

Жорлон бол бохир зүйл биш. Харамсалтай нь түүнийг буруу байршуулсанд л байгаа юм. Зөв жорлонд эвгүй үнэр гарахгүй. Учир нь 20 см диаметртэй янданг шалнаас нь доош  оруулан хийж, дээврээс дээш 1 метр өндөрт гаргавал тэнд ер эвгүй үнэр байхгүйгээс гадна бараг ялаа ч эргэлдэхгүй байж болно. Жорлон зөвхөн цэвэрхэн байхдаа л үнэргүй байхаас биш бохир бол мэдээж  муухай үнэртэй. Орон сууцанд ч гэсэн ОО нь  гал тогооны дэргэд байдаг биз дээ.

Өөр нэг зүйл бол айлууд бие засах газраа маш буруу барих юм.  Нэг хаалгатай атлаа 2-3 гишгүүртэй, хэзээ эхнэр нөхөр хоёр зэрэг тэнд орж байлаа даа. Их хөрөнгө зарж хоёр жорлонтой болох материалаар нэгийг барьсан байх нь хэвийн үзэгдэл.

Харин цэвэр дээр нь цэвэр байлгая  гэвэл тэр ойрхон бие засах газрынхаа дэргэд 2-3 моносны мод суулгачихад л болох нь тэр.

Тав. Газраа эдлэн болгоё гэвэл…

Хашаандаа  хэрэгцээнийхээ  төмс, хүнсний ногоо тарьсан айлыг манайхан магтах нь бий. Өөрийн хэрэгцээг хангаад  сайн байлгүй яахав. Гэхдээ тэр жаахан талбайд намар үнэ нь уначихдаг  хүнсний ногоо биш, олон  арван жил хурааж иддэг жимс, чацарганы мод суулгаж, зүлэгжүүлэн цэцэрлэгжүүлбэл танай хашаа гайхамшигтай сайхан  тохижсон эдлэн болж хувирах ёстой билээ.

Хавар 5 сард газарт булсан төмс 6-р  сард ногоон навч гарч есдүгээр сар хүрээд ургацаа хураан авсны дараа хар шороо л үлддэг. Тэр ногооны талбай хойтон жилийн 6 сар хүртэл хар шороогоор хийсч хотын агаарыг хумхийн тоосоор “баяжуулдаг”. Улаанбаатар хотын агаарын чанарт хумхийн тоосны эзлэх  хэмжээ их байдаг нь үүнтэй холбоотой. Тэгээд ч сул шороо, халцгай газар, машины дугуй, хашаануудын хоорондох машин зам энэ  бүгд  жилийн дөрвөн улиралд салхитай манай орны хувьд гэр хорооллынхныг ад үздэг нэг үндэс гэж хэлж болно. Харин миний  хашаандаа хүнсний ногоо битгий тариарай гэсэн энэ санаа “Ногоон хувьсгалынхан”-д таалагдахгүй байж мэднэ. Гэхдээ л жимс жимсгэнэ тарьсан хашаанаас хэн уйдах вэ дээ.  Ийм хашаа муу уршиг дагуулахгүй. Харин  өгөөж нь их гэдэгтэй хэн маргах билээ.

Зургаа.  Амтатны дээжийг дэргэдээсээ

 

Өнөөдөр төмс, хүнсний ногоо гэхээсээ илүү нарийн ногоо хоолондоо өргөн хэрэглэх болж. Тэд зонхилон хүлэмжинд ургадаг бөгөөд жижиг талбайд тариалж, жилд 2-3 удаа ургац хураах учраас гэр хорооллынхны сонирхлыг их татна. Авсаархан хүлэмж барих их амархан. Модоор хүрээ зангидаад, барилгын зах дээр  шил зүсэгчдийн гаргасан өөдсийг аваад хүрээндээ  суулгаад скочоор л амыг нь нийлүүлж наагаад л болоо. Өөрөөр хэлбэл төмрөөр ч бай, модоор ч бай хүрээ хийгээд, шилээр ч бай, нийлэг хальсаар ч бай бүтээгээд л хүлэмж босно гэсэн үг. Зузаахан гялгар уут аваад амыг нь нийлүүлж скочдоод л жижиг хүлэмж босгож бас  болно. Ингэвэл таны хашаа жинхэнэ экологид ээлтэй хашаа төдийгүй, амьжиргааны чанарыг авч ирнэ.

Долоо.   Саалиа хураахаар саваа бэлтгэ.

Идэж уух юм  цуглуулах амархан. Худалдаж аваад л болоо. Харин түүнийг хадгалж, хамгаалж идэж уух нь, өөрөө асуудал. Намар хүнсний ногоо элбэгшчихсэн, маш хямдханаар зарж байдаг. Тэгтэл хөргөгчийнхээ хэмжээгээр л нөөцөлдөг бөгөөд түүнээс илүүг хадгалах боломжоор хомс байгаа нь гэр, хашаа, тэр ч бүү хэл орон сууцанд амьдрагсадын хувьд ч өнөө хүртэл шийдэж чадаагүй  асуудлуудын нэг.  Тийм учраас саалиа хураахаар саваа бэлтгэ гэсэн үгийг сануулж байгаа хэрэг. Үүнийг гэр хорооллынхон, хувийн хашаа хороо, эдлэнтэй хүмүүс хамгийн амархнаар шийдэх бөгөөд тэр нь зоорь. Оросод, Буриадад эдлэн, даачдаа зоорьгүй  нэг ч айл байдаггүй гэсэн. Тэгтэл манайд харин зоорьтой нь хэд билээ. Мянгад нэг гэвэл дэгсдэхгүй болов уу. Зоорь барих амархан бөгөөд заавал том байх албагүй.

Харин зоорь барих арга, ажиллагаанд монголчууд суралцах нь л дутаад байгаа юм.

Найм. Тэмээн дээрээс наран ойрхон биш, харин газар ойрхон. 

Сайхан орд харшийн сураг олныг гайхшруулж, удахгүй захын хороолол, гэр гэдэг юм алга болчих юм шиг бодлоор цатгаж, өндөр өндөр байшин мөрөөдөж суух хэнд хэрэгтэй вэ.

Хүн газарт ойрхон байж л ажиллаж ч сурдаг, амьдарч ч сурдаг. Эрүүл аж төрөхийн үндэс нь хөдөлгөөн гэх мөртлөө “Та нарыг бүгдийг чинь орон сууцанд оруулаад өгье” гэж зүгээр л аж төрж, амьдралаа  аваад явж байгаа айлыг бусниулаад яах  болж байна. Найман хувийн зээл л гэнэ, насаараа төлж барахгүй өр. Тэр 10 давхар  харшид суучихаад хэдүйд нь өрхийн үйлдвэрлэл, эсвэл газрын харамж, жимс, нарийн ногоо эрхлэх вэ. Та өндөрт нэг л гарсан бол  маргаашаас нааш бууж ирэхгүй нь лав. Газарт ойрхон хүн л идэж уух юмтай, цатгалан байдгийн жишээг газарт ойрхон амьдардаг ард түмэн харуулж байна. Харин сууриших гэж ядаж яваа манайхан бараг бүгд худалдан авагч гэхэд хилсдэхгүй. Ийм учраас дээрх санаануудыг  агуулсан хашааг экологид ээлтэй, амьжиргааны чанартай хашаа гэх бөгөөд гэр хороолол, хашааныхан наад захын энэ  шаардлагыг хангачихвал монголын эдийн засаг, экологийн  тэнцвэр, өрх гэрийн  амьжиргаанд чанарын  ахиц гарч, гэр хороолол гэх орчин, хаус бүхий эдлэн, чинээлэг амьдралын эх булаг болж  хувирна.

Улаанбаатарт л гэхэд 20 мянга гаруй га талбай эзэлж, бусад төв сууринд  хэд ч юм олон зуун  га-гаараа гэр хороолол байгаа. Зөвхөн Улаанбаатарын нэг айлын хашааны  талбайн 40 хувь нь улаан халцгай буюу нийт 8000 гаруй га газар ийм  доройтолтой байна гэсэн судалгаа байдаг.

Эдгээрийг  дээрх  загвараар экологид ээлтэй, амьжиргааны чанартай  хашаа болгочихвол  экологийн  тулгамдсан асуудалд хариу өгч бараг  чадна даа.

Зүгээр л хашаанд амьдрагсад маань ийм хэвшилд орчихоосой гэж хүснэм.

Дээрх шаардлагыг хангаагүй хашаажуулалт тэр аяараа “Буруу төлөвлөлттэй, экологид хорлонтой” гэдгийг умартаж болохгүй.

Дендрологич, Биологийн ухааны доктор, Профессор,

Монгол Улсын байгаль орчны гавьяаи ажилтан

Б.Чимид

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.