Уулнаас том мод шилжүүлэх нь Увс нуураас шанагаар утгасантай адил юм

Хот сууринг цэцэрлэгжүүлэх гэж монголчууд мөн ч олон жил зүтгэлээ. Аргагүй шүү дээ, нүүдэлчин ард түмэн гэнэт суурьшиж эхлэнгүүт мод ургамал тарьж орчноо тохижуулах арга ухаанд суралцах гэж олон жил мунгинаж байгаа нь тэр.

Монголд орос, монгол хоёр цэргийн ангийг зэрэгцээ газар нэг жил байгуулж гэнэ. Тэгсэн 4 жилийн дараа орос цэргийн анги ногоон модоор чимсэн атал 40 жилийн дараа болоход монгол цэргийн анги маань ганц ч модгүй байсаар нүүсэн тухай яриаг нэгэн хурандаагаас сонсож билээ.

Бүхэл бүтэн цэргийн ангид орчноо цэцэрлэгжүүлэхсэн гэх ухаан, хажууд байгаа жишээ, бас тэр 1080 хоног тэжээлгэж буй насанд хүрсэн эрчүүдийн хоног тоолон хүлээж байгаа гагсрал юуг үгүүлнэ вэ. Экологийн ийм боловсролгүй байдал нь өнөөдөр хүртэл үргэлжилсээр…

Алтан тэвшийн хөндийд Туулын бургаснаас өөр мод байгаагүй гэж би бичиж байсансан. Тэгтэл Улаанбаатар бас чиг ногоон хотын дүр төрхийг олсон бөгөөд түүнийг үе үеийн нийслэлчүүд өөрсдөө тарьж ургуулсан юм.

Харин өнөөдөр тарьж ургуулсан гэхээсээ илүү тартагт нь тултал муулж байвал бах нь ханадаг болсон цаг ирсэн байна.  “Шүүмжлэл чихэр шиг амттай биш” гэж манайд 3,4-р хороолол бэлэглэсэн  зөвлөлтийн удирдагч асан Л.И.Брежнев  нэгэн удаа хэлсэн байдаг. Шүүмжлэхийн тулд биш, харин зөвлөн ярилцаж, үнэн мөний тухай хүүрнэлдэж байвал  манайд сайхан гарц, амжилт ололт мөн ч ойрхон байна даа.

Гол сэдэв рүүгээ орох гэж баахан тойрчихлоо. Яг үнэндээ Улаанбаатарт том оврын мод оруулж ирж суулгах асуудлаар зарим нөхдийн үзэл бодолд бага ч гэсэн ойлголт суулгах гэж үглэлээ эхлэх гэж  буй маань тэр.

Хотод мод суулгаж ургуулж бас үхүүлж ирсэн  “туршлага” нь зөвхөн том модны тухайд ч биш, бүх төрлийн модыг ургуулах гэж ажиллаж ирсэн зам мөртэй холбоотой.  Бидний өмнө нь тарьсан, суулгасан бүхэн том, жижиггүй ургачихсансан бол юун ийм юм ярьж байх билээ дээ.

Хамгийн бага арчилгаа шаарддаг, бидний гарын ая сайн даадаг  Улиас л тарьж сурсан. Манай хотын төвийн гудамжуудад байгаа тухайлбал Байгалийн түүхийн музейн зүүн талаарх Сүхбаатарын гудамжны Шинэс, 1-р арван жилийн сургуулийн өмнөх Сөүлийн гудамжны Нарс, 11-р хороолол, Эрхүүгийн гудамжны Шинэс, Дуурийн театрын өмнөх Гацуур зэрэг одоо томоор харагдаж байгаа шилмүүст моднууд 1950-1960-аад оны үед нэг машин дээр нэг мод, нэг морин тэргэн дээр нэг мод авч ирэх замаар томоор нь уулнаас шилжүүлэн суулгасан модод. Түүнээс хойш нэг хэсэг том  шилмүүст мод шилжүүлээгүй бөгөөд түргэн ургадаг улиасны суулгацаар цэцэрлэгжүүлэх ажлын голыг  нугалж  ирсэн байдаг.

Гэтэл хотыг шилмүүст  ногоон модоор чимэх шаардлага байгаа. Нийслэлчүүд ойд амьдарч байгаа юм шиг ногоон моддын дотор, цэцэрлэгт ногоон гудамжаар алхахыг хүсч буй. Тэр нь ойд л байдаг зүйл. Ууланд байлаа гээд Улаанбаатарчуудад хэрэг болохгүй юм бол тэр ойгоор яахсан билээ. Зөвхөн түүнийг цогцлуулах нь цэцэрлэгжүүлэгчдийн гол ажил.

Сүүлийн жилүүдэд Япон, Солонгос технологиор уулнаас шилмүүст мод шилжүүлэн суулгах ажлыг тэнд ажиллаж мэргэшсэн залуучууд, хэд хэдэн компани  хийж эхлээд 10 гаруй жил болжээ. Энэ ажил шүүмжлэл дагуулсаар байгаа.

Өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Явуугийн цэцэрлэг, Нийслэлийн төр захиргааны байрны өмнөх  талбай, 120 мянгатын орчин гээд  түрүүч нь 10 гаруй жил ургасан мод хотын нийтийн эзэмшлийн гудамж, цэцэрлэгт олны нүдэн дээр ургаж байна.

Одоо манай хотын модны 70 гаруй хувь нь Улиас гэж  байгаа. Гэтэл Улиасаа цагаан хөвөн хаядаг, харшил өгдөг гээд хялааж буй.  Тэгээд хот Улиастайгаа зууралдаж байх хооронд хотод боссон шинэ хотхонууд, тухайлбал Риверь Гарден, Маршал таун,  Хүннү, Зайсан, юу юу гэнэ вэ бүгд уулнаас авч ирж суулгасан ногоон  Нарсаар чимээд түрүүч нь бас л 10-аад жил болж байна.

Хотод байгаа навчит моднууд маань намарт шарлан навчсаа гөвж, хэдэн ёрдойсон мөчир үлддэгийг бид мэднэ. Энэ ч яахав зүйн хэрэг. Навчит мод ингэж л өвөлжиж, хойтон хавар нь ургадаг хойно. Хотод жилийн дөрвөн улиралд ногооноороо байдаг Нарс, Гацуур, Хуш, Жодоо мэт эх орны шилмүүст ногоон модыг хотдоо авч ирж шилжүүлэн  нутагшуулах, мод үржүүлгийн газар ургуулж бойжуулан  адаглаад 3-4 метр өндөр болгож байж гудамжинд суулгах зэрэг  ажлууд ойн инженерүүд,  мэргэжилтнүүдийн анхааралд байсаар ирсэн.

Хотод 1 метр хүрэх үгүйтэй  өндөртэй мод үржүүлгийн газрын гэх шилмүүст мод тарьж суулгаж үзсэн. Тэд жилд 1-3 см өсөлт өгч, ургаж ядаж байтал нь үзүүрийн нахиа, хажуугийн мөчрүүд хугарч, түүнийг зайлуулахаас өөр аргагүй байдалд байнга орж байсныг манайхан сайн мэднэ.

1, 10-р хороолол,  Бетүб хийдийн ард талд тарьсан  жижиг нарс 100 хувь үхсэн байна лээ. Тэдэнд үзүүрийн нахиа ч алга, хажуугийн мөчир ч алга.  Тэр ч байтугай тэдний  талаар “жижиг модны том зовлон” гэсэн зүйлийг ч би бичиж байлаа. Тэр “молоднякууд” өсвөрүүдийг,  өнөөгийн хотод оруулж  ирж буй том модны  дайтай болгоё гэвэл  25-30 жил шаардагдах бөгөөд тэр хооронд гэмтээд, мод биш,  үзүүр оройгүй “тахир дутуу” хэдэн мөчир үлдэж байгааг зөвхөн  мэргэжлийн нүдээр л харж болох юм.   Том мод эсэргүүцэгчид эсэргүүцсээр, саад хийсээр,  зарим нь тэднээс айж бэргэсээр байтал  хот хэдэн Улиастайгаа үлдэх гэж байна.

Нэг нөхөр хэлж байна аа. Хайран мод, ууландаа байсан нь дээр гэж. Авч ирээд борцолж байна гээд. Энэ зөв л дөө борцлох гэж авч ирээгүй ч борц болгочихсон ажлыг өмөөррөлтэй нь биш.  Харин  яагаад тэр мод үхсэн бэ гэхээр авч ирсэн модноос болоогүй, арчилсан хүн, асгасан ус, арга ядсан сэтгэлгээ,  юм юмнаас болсон нь ойлгомжтой.

Нэг жишээ татсан материал сонин дээр байна. Энхтайвны өргөн чөлөө, Гандан, Зайсанд суулгасан мод бүгд үхсэн гээд. Тэр бас үнэн. Суулгасан компани, дүүрэг хоёр нэг нэг рүүгээ ажлаа чихээд, услах зардал, хөрөнгө байхгүй гэсээр байгаад тийм болгосныг би мэдэх юм.

Тэгтэл хувийн компануудын барьж байгаа хотхоны мод яагаад 100 хувь ургаад байгаа юм. Услахгүй арчлахгүй бол бүгд үхнэ. Том ч бай, жижиг ч бай.

Бас манай нөхөд Явуугийн цэцэрлэгээр ороод нэг харчихаасаа гэж бодном. Нийслэлийн тамгийн газрын үүдэнд  2007 онд 30 том нарс мод суулгсан 10  жил ургаж байна. Ганц мод үхсэнийг өнгөрсөн онд мэргэжлийн биш байгууллагаар солиулсан чинь тэр нь бас үхсэн байсан. Үүнээс юу харагдаж байна гэхээр зөв технологоор авч ирж суулгаж арчилсан мод ургадаг, буруу ажиллавал үхдэгийн жишээ тэр.

Том мод шилжүүлэн суулгах асуудлаар эрдэмтэн мэргэд гэх хүмүүс талцаж байна. Дээр нь  хуурамч “эх орончид” нэрмээс болж байна. Нэг хэсэг нь огт болохгүй гэж. Нэг хэсэг нь болно, бүр ихээр оруулж ирж тарих хэрэгтэй  гэж. Үлдсэн  хэсэг нь харзнаж байж болоё гэнэ… Миний хувьд эхнийхэнд ингэж хэлэх дуртай. Уулнаас мод авч ирж суулгах нь Увс нуурнаас шанагаар утгасантай адил гэж. Яагаад, ой гэдэг маш баян юм. Тэр их ой, хэдэн сая га-аар хэмжигдэх ойгоос Улаанбаатартаа  хэрэгцээтээ юмаа шилжүүлж авна л биз дээ. Ойн баялаг, ер нь эх орны баялаг ард түмний л төлөө байгаа юм. Тэгтэл тэндээ байж байг гээд байх.  Ой хорогдчихно гэх ухааны юм ярина. Жилд хэдэн арван мянга, сая сая га-гаар ой  шатаж, хэдэн сая живаагаараа мод устаж, үгүй болж  байхад санаа зовохгүй атлаа  машины тэвшин дээр тавиад хэдэн мод аваад ирсний төлөө, бас ургуулж болоод байгаа байхад шууд дайн зарлаад  бүр энэ ажлыг зогсооно гэж яриад байгаа нь “эх оронч” гэхээсээ илүү энэ талын мэдлэггүй дүйвээнээр л яваа амьтан гэхээс өөр юу гэхсэн билээ.

Миний бие Оросын Чита хавиас орж ирсэн түймэр Онон мөрнийг хариагаад Эрээний арын ойг шатаасан түймэрт 10 гаруй хоног гэртээ харилгүй явж байлаа. Тэгэхэд тэр хайран мод яанаа, бүгдийг нь шилжүүлчихдэгсэн бол, бүгдийг нь нүүлгэж байгаад ч гэсэн авч үлдэх юмсан гэж бодож билээ.

Гуравдахь бүлэг буюу “харзнаж” байж болно гэдэг хэсгийнхэнд “хайран хугацаа” алдахад битгий тус болооч  гэж л хэлмээр байдаг.

Дэлхийн бүх залуу хот ойгоос мод шилжүүлэн суулгаж хотоо үтэр түргэн ногооруулсан байна.  Шилмүүст мод хотын нөхцөлд  жилд  2-3 см өсөлт өгч байна. Тэр мод 5 метр болоход хэдэн жил шаардагдах вэ. 30-40 жил болж байж 5 метр өндөр болно. Та, бидний нас гүйцэхгүй шүү дээ.  Харин авч ирсэн модоо ургуулах ёстой. Тийм технологи, арга бүгд бий болжээ. Дэлхийн жишигт хүрсэн технологиор, нийгмийн хариуцлагатай компанууд энэ ажлыг хийх ёстой. Түүнээс биш  хэн дуртай нь ой руу хүрз бариад гүйгээд байж болохгүй.

Ойд хохирол үүснэ гэдэг талаас нь биш, ургаж байсан юмыг авч ирээд үхүүлж      болохгүй  гэдэг талаас нь яривал тун зүгээрээ.

Бидний хэсэг нөхөд хотод шилжүүлэх том модны судалгаа хийж Булган, Сэлэнгэ, Тужийн нарсаар явсан юм. Бидний хот руу шилжүүлэх гээд байгаа том мод тэнд хангалттай байна. Хангалттай гэдгийн учир юу вэ. Тужийн нарсыг шатсаны дараа ойжуулсан. Хоорондоо 80 см-аас 1.5 метрийн зайтай, 1 га-д  2500 ширхэг мод тарьсан байна.  Тэнд 12000 га-д ойжуулалт хийж, Нарс  мод ургуулсан байна. Харамсалтай нь одоо тэр мод гэрэл, тэжээлээ булаацалдан, түрүүч нь үхэж эхэлжээ.  Нас гүйцсэний дараа 1 га-д 600 том мод байвал хэвийн ой гэж  үздэг юм. Гэтэл нас гүйцэхээсээ өмнө тэд гэрэл, тэжээлээ булаацалдан амь тэмцэж байхад сийрүүлэе гэх  хүн, хөрөнгө хоёр нь олдохгүй байна. Түүнийг одоо сийрүүлж 5 модноос 3-ыг нь огтолж хаях, эсвэл шилжүүлэн хот руу нүүлгэх  2 л арга байна. Сийрэгжүүлж хот суурины цэцэрлэгжүүлэлтэнд ашиглая гэхээр мэдэж өгөх хүн бас алга. Тусгай хамгаалалттай газар нутгийн дансанд орсон ч  гэх шиг.

Бас Булганы Хялганатад мөн тийм таримал ой үүсчээ. Намайг Ой, модны аж үйлдвэрийн яаманд ойжуулалт хариуцсан мэргэжилтэн байхад  тарьж эхэлсэн юм. Тэд одоо нас бие жигдэрч 5-7 метр өндөр болсон байна. Түүнийг бас сийрэгжүүлэх ёстой. Харин Булганыхан өгөх ёстой. Сийрэгжүүлэх байгууллага нь энэ ажлаа хийхгүй байна гэж байсан.

Мөн Хэнтийн Биндэрт,  Содномын Батцэнгэлийг Хэнтий аймгийн Ой, агнуурын аж ахуйн даргаар, Эрээний нурууны ард,  намайг Дорнод аймгийн ой, агнуурын аж ахуйн даргаар ажиллаж  байхад  тарьж суулгасан Нарс сийрэгжүүлэх хэмжээнд хүрсэн. Тэндээс сийрэгжүүлж болно. Бас  түймрийн халз гэж зайлшгүй байгаа бүх модыг нь огтолж хаядаг нэг ажил ойн аж ахуйн арга хэмжээнд байдаг юм. Одоо тэр түймрийн халз бүгд битүүлч ширэнгэ болсон байна. Үүнийг хот руу шилжүүлэхэд юу нь болохгүй гэж.  Түүнийг бүгдийг нь хөрөөдөж авч хаядагийг Ойн инженерүүд бүгд мэднэ. Харин  мэргэжлийн бус хүмүүс бас л “ой сүйтгэж”  байна гэх биз.  Улаанбаатарт 5000 ширхэг том Нарс л  шилжүүлээд ургуулчихвал хотын төвийн бүх гудамж өвөл зунгүй ногоон харагдана. Энэ бол ойд 5-10- хан га-д байдаг л мод шүү дээ. Гэтэл  1999-2010 онд   улсын хэмжээгээр давхардсан тоогоор  2,9  сая га /жилд 240.0 мянган/   ой  түймэрт өртөж, тоолж үл барам  өсвөр мод шатаж  алга болсон билээ.

Тэгэхээр том модыг ойгоос хулгайлаад хумслаалд  байна  гэх ч  юм уу, ойг сүйтгээд байна гэдэг утгаар ярьж болохгүй. Харин ойд хийж буй сийрэгжүүлэх ажил, арчилгааны ажлын нэг хэсэг гэж л ойлгож хандах учиртай. Тэгж ярих шинжлэх ухааны үндэс байна.

Мод үржүүлгийн газар байгуулж хэдэн зүйлийн навчит мод тарьсан зарим нөхөд миний мод борлохгүй байна, хотынхон том мод оруулж ирж миний бизнесийг хааж байна гэх ухаанаар  том оврын модыг шилжүүлэн суулгахыг улайран эсэргүйцдэг. Тэр бүү хэл  “асар их” хохирол ойд учирдаг мэтээр мэдэхгүй, судлаагүй байж ярьж байна.

Ой, модыг сийрэгжүүлэх, цөөлөх нь ойн аж ахуйн үндсэн ажил байдаг. Огт мод авч  шилжүүлж болохгүй гэж ярьдаг хүмүүст ойн талын мэдлэг  байхгүй,  зарим нь бүр тэр талын мэргэжлийн бус атлаа ойн баялгийн  тухай “том том” дуугардаг нь зүгээр л хүмүүсийг хатгаж, өөрийнхөө өчүүхэн эрх ашгийн үүднээс хандаж байна гэхээс өөр аргагүй. Тэдний 10-20 жил хотод нийлүүлсэн Улиас,  Шар харгана  мэт нь хотыг чимэхгүй л байна шүү дээ.

Дэлхийн бүх хот том том  мод шилжүүлэн суулгаж, хотоо цэцэрлэгжүүлж байна. Бүр 200-300 настай модыг хүртэл шилжүүлэн суулгаж байдаг гээч.  Ойрын жишээ, манай урд хөрш Өвөрмонголчууд  Далан хар уулаа бүгдийг нь уулнаас том мод авч ирээд ойжуулчихсан байдаг.

Ингэж том модоор хот сууринаа ойжуулж цэцэрлэгжүүлж байгаа туршлага, технологийг бүр 2000 онд Баянзүрх дүүргийн засаг даргаар ажиллаж байхдаа одоогийн хотын ерөнхий менежер Т.Гантөмөр судлаж ирээд түймрийн халзанд ургасан өндөр Шинэс модыг шилжүүлэн дүүргээ  цэцэрлэгжүүлж эхэлсэн удаатай.

Харамсалтай нь  түүнээс хойш аж ахуйн ажилд оролцож том мод тарих ажил нь түр саатсан ч  2016 оноос энэ албанд ирж түүнийгээ хэрэгжүүлж  том мод тарих ажлаа эхэлсэн гэж хэлж болно.  Хотоо үтэр түргэн ногооруулах санаагаа надад хэлд миний бие шинжлэх ухааны үндэс талаас нь зөвлөж, хотын менежерийн саналын хотын дарга Су.Батболд  дэмжсэнээр ажил хэрэг болоод явж байгаа нь энэ.  Өнгөрсөн намар зүүн дөрвөн замаас Улсыг их дэлгүүр хүртэл 200 хүрэхгүй том Нарс мод шилжүүлсэн. Одоо энэ нь хотыг чимж байна.

Гэтэл ганц нийслэлдээ хэдэн мод оруулж ирж ногооруулах гэхээр  “байгальд хайртай”-н дүр эсгэгчдийн эсэргүүцэл, зарим амбицтай, “их мэдэгчид”-ийн тавьж буй түймэрт автаад өнөө хүртэл хотоо том модоор ногооруулж чадахгүй байна.

Том мод шилжүүлнэ гэдэг шинжлэх ухаан шүү. Том модоор хотыг цэцэрлэгжүүлэх нь хотоо ногооруулах ажлыг нэг л хэсэг нь.  Түүнээс биш, том мод тариад  мод үржүүлгийн газарт ургуулсан навчит мод, чимэглэлийн бут сөөгийг орхино  гэсэн үг ёстой биш шүү дээ хө.. Түүнийг бүр мянга, мянгаар нь хотод тарих хэрэгтэй.

Би дээр хэлсэн,  манайх  шиг  цөөхөн гудамжтай жижиг хотод  5000  шилмүүст том мод л  байхад бараг хангалттай. Харин  нэмж ойгоос  монгол орны зонхилох ой болсон  Шинэс, бас  Гацуур авч ирж суулгах ёстой. Тэр  ойдоо л  “найгасаар”  байгаа шүү дээ. Ургуулж чаддаг юм бол Хуш /самрын мод/ авч ирж суулгая. Ойд байгаа бүх насанд хүрсэн Хуш мод бүгд  самарчдын “нүдүүрийн”  шархтай, тэнд зовж байгааг мэддэг нэг нь  мэднэ ээ.

Том модны “бизнес” гэдгийн  ард  Чимид байгаа юм биш,  насаараа нийслэл  хотоо яаж сайхан болгохсон, цэцэрлэгжүүлэхсэн   гэж шар махтайгаа хатаж явсан ойн инженер, дендрологич хүний хувьд үүнээс өөр гаргалгаа бага гэдгийг сануулсан хэрэг.

Дендрологич, Биологийн ухааны доктор, Профессор,

Монгол Улсын байгаль орчны гавьяаи ажилтан

Б.Чимид

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.