Хөх хотыг ногоон хот болгосон туршлага

ӨМӨЗО-ны нийслэл хотын нэр “Хөх хот”. Хөх саарал өнгөөрөө нэрлэгдэж өнөөг хүрсэн атлаа “Хөх” нэрээ одоог хүртэл алдаагүй тэр л Хөх хот.

Миний бие 1990-ээд оны эхээр Хөх хотод очиж байсан хэдий ч өдгөө  өнгө зүсээ сольж танигдахын аргагүй хот болсон байна.Талын хөх хот шөнө ч өнгө гэрлээрээ гялалзаж, энэ нөгөө Өвөр монголчуудын маань нийслэл мөнсөн бил үү, биш бил үү гэх бодол төрж явлаа.

Хөх хотын ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн бүхий газруудаар газарчлуулан очвоос  эхлээд “Намгийн цэцэрлэг”- ийг нь үзэж, анх ямархан орчин байсан тухай нь сонсон  нүсэр ажил өргөсөн дүр төрхийг тэндээс олж үзэв. 72 га талбайтай энэ газар  анх юу байсан гэж санана. Элс хайрга авдаг карьёрийн талбай байснаа хөрсний ус нь дээшилж, нуур намаг болон хувирсан, манайд л байдаг нэг эвдэрсэн, элэгдсэн газар байж. Бас болоогүй ээ элдэв хог новшоор дүүрч,  тэр хавьдаа л хамгийн бохирт тооцогддог бараг “хаях”-аас  нааш халаг болсон тэр талбайг цэцэрлэгт хүрээлэн болгох төсөл хийж, Хөх хотынхоо засгийн газарт танилцуулан дэмжлэг авснаар “Цэцэрлэг” байгуулах ажлаа эхэлжээ.

Яг л 2009 онд Улаанбаатарт үндэсний цэцэрлдэгт хүрээлэн байгуулах гэж  хөдөлж байсан тэр цаг үе сэтгэлд бууж байв. Өөртөө зураг төсвийн төвтэй, ногоон цэцэрлэгийн байгууллага нь тэднийхээ хүчээр энэхүү цэцэрлэгийн төслийг боловсруулж, дадлага, туршлага сайтай дендрологич, ландшафтын архитекторууд, зураач, төсөвчинтэй, ямар л юм хийх гэж байна, түүнийгээ  газрын байршил, хөрс усны хангамж, ер авч үзэхгүй асуудал гэж үгүй бүгдийг нь шинжлэн тусгаж  иж бүрэн зураг төсөв,  манайхаар ТЭЗҮ /техник, эдийн засгийн үндэслэл/-гээ бэлэн болгожээ.

Манайхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэндээ  бас тийм том ТЭЗҮ-г гадаадын мэргэжилтнүүдийн оролцоотой хийлгэсэн гэсэн.

Хүн явсан газраа нэг юмыг нөгөөтэй нь, өөрийн орныхоо юмыг гадаадтай харьцуулж, тэндээс бас суралцаж л явдаг юм болов уу. Хамт явсан нэгэн маань тэднээс ийм сайхан зураг төсөл, төлөвлөлт, зургаас санаа аваад өөрийн орон хотдоо ийм юм хийж болох талаар асуухад бүх юм өөр өөр, газар орон, газрын гадарга,  байршил энэ  тэр гээд бүх юм адилгүй учраас танай хотод л очиж судалсны үндсэн дээр орчин, газар нутагт нь таарсан зураг төсөл хийж өгч болох юм гэсэн  хариулт авч билээ.

Тийм л дээ бүхэл бүтэн 72 га талбайтай цэцэрлэг байтугай гурван байшингийн дундах талбай хүртэл өөр өөр хэмжээтэй байдаг болохоор түүнд таарсан л юм хийх учиртай. Манайд бол нэг маягийн зургаар юуг ч хийчихэж болох мэт яриа байдаг нь талаар боллоо. Тэнд үгүй гэнэ. Тэгээд ч хэдэн зуун хавтгай дөрвөлжин метрээс  хэдэн арав, зуун  га талбайд цэцэрлэг байгуулах болохоор  яаж ч нэг загварынх байх билээ. Тэр ч байтугай энэ дэлхий дээр амьдарч байгаа 7.0 тэрбум  хүний алгын чинээ улаан нүүр хүртэл 7.0 тэрбум янз гэх ухааны юм бодогдож  байв.

Тэрхүү том цэцэрлэгийг, тэгээд ч эвдэрч сүйдсэн хөрс шороо, хогоор дүүрсэн газрыг  сонгон авч цэцэрлэг байгуулах ажлыг  хэрэг дээрээ 5-хан сар  хийсэн гээд бод доо.

Та нар хаанаас ийм их хөрөнгө олоод энэ нүсэр ажлыг ийм богино хугацаанд амжуулчихваа гэхэд Ногоон цэцэрлэгийн товчооныхон:

  • Манайд ногоон байгууламж, цнэцэрлэгийг байгуулахад гурван асуудлыг үндсэндээ шийдсэн байдаг юм.

Нэгд,  манай Хөх хотчуудын  тархи толгойд  ногоон ургамал, цэцэрлэгт хотын төлөө гэсэн санаа бүрэн шингэсэн байдаг.

Хоёрт, Хөх хотын засгийн газраас шаардагдах хөрөнгийн асуудлыг бүрэн шийдэж өгдөг, бас улсаас асар их дэмждэг.

Гуравт, энэ ажлыг хийхэд шаардагдах мэргэжилтэй  боловсон хүчин, материаллаг баазаар бүрэн хангагдсан гэж  хэлж болно гэсэн юм.

Энэ гурав байхад цэцэрлэг гэдгийг байгуулж болно гэнэ ээ. Бас л эх орноо муулаад уналаа энэ муу туучий чинь гэж битгий бодоорой.  Гэтэл манайд яадаг билээ.  Яг эсрэгээрээ.

1-д  Улаанбаатарчуудын толгойд, монголчуудынхаа толгойд ногоон ургамал, цэцэрлэгийн тухай, экологийн боловсрол олгох тухай төрөөс ямархан ажил хийж байнав. Бараг эднийг экологижуулах ажил хот тохижуулахынхны хийдэг ажил мэтээр сэтгэнэ. Хэдэн цэцэрлэгчнээ өөрсдөө бэлд гэнэ. Хотод хийсэн ажил зундаа ногоороод бусад гурван улиралд нь хүний хөлд гишгэгдэн устаж, хойтон жил нь сэргээдэг нь  мөн л нүүдэлчин сэтгэхүйтэй холбоотой.

Өчигдөр цэцэгт талд хонь хариулаад явж байсан нөхөр өнөөдөр хотод орж ирээд Сүхбаатарын  хөнөөний дэргэд тарьсан цэцгийг гишгээд  дээр нь байгаа гинж дээр савлаад суух нь энүүхэнд. Өчигдрийн ногоон хөндийд адуучлаад явж байсан хархүү хотод орж ирээд машин уначихсан бордюр давж зүлгэн дээгүүр зугаалах нь  захын үзэгдэл. Ийм л ахуйтай, соёлтой  байхад тарьж суулгаж байгаа, арчилж хамгаалж байгаа хүний буруу мэт ойлгож болно гэж үү.

2-д Хотын ногоон байгууламжинд зарцуулах хөрөнгийн хэмжээг сүүлийн жилүүдэд  нэмж байгаа нь сайшаалтай ч бүх гудамжны  ногоон байгууламжаа арчлах хөрөнгө  байхгүйгээс олон гудамж талбайн арчилгаа эзэнгүй шахам үлдээд байгааг эрх биш ойлгох хэрэгтэй.  Тэгээд ч би бээр “Ургасан л бол усалсан” гэж хэлээд байгаа. Өнөөдөр хотын ногоон байгууламжийг арчлах, нөхөн сэргээх, хэвийн хэмжээнд авч явахад  наад зах нь одоо өгч байгаа хөрөнгийн хэмжээг 2 дахин нэмэх шаардлагатай нь  арчилгааны ажлын норматив, агротехникийн  шаардлагаар урган гарч байгаа тооцоо. Түүнээс биш санаанд орсон тоогоо дээж хараад хэлээд байгаа юм биш. Төрөөс ч анхаараад байгаа нь бага.  Төрийн ордны ард байгаа жижигхэн цэцэрлэгийг устгаж Парламентийн ордон барина гээд дайраад байгаа хүмүүст юун цэцэрлэг, ногоон байгууламжийг хайрлахтай  манатай. Саарал ордныхон ийм сэтгэхүйтэй, ийм экологийн боловсролтой байхад нийт монголчуудынхаа экологийн боловсрол энэ тэр гэж ярьдаг минь зөв үү.

3-д  Мэргэжилтэй боловсон хүчний тухайд бас л хөндөх  асуудал бий. Хөх хот 2.6 сая хүнтэй.  Манай Улаанбаатараас 2 дахин их. Харин ногоон байгууламжинд ажилладаг  дендрологич, ландшафтын архитектор, мэргэжилтнүүд, зураг төсөвчин, хүрээлэнгийнхэн гээд  зөвхөн ногоон байгууламжийн  мэргэжлийн 80 гаруй, мэргэшсэн цэцэрлэгчин, ажилчид 700 гаруй хүн  ажилладаг гэнэ ээ.  Бас доороо цэцэрлэгжүүлэх чиглэлийн 20 гаруй улсын аж ахуй байдаг гэдгийг сонсоод миний нүд бараг орой дээрээ гарах шахав. Үүнийг ярихаар Чимид солиорчихож гэх биз. Бид олон хүн хамт явж сонссон болохоор үүнийг хэлж байгаа юм. Гэтэл манайх дүүргийн хэдэн ТҮК-аа, бас болоогүй ээ ганц  “Цэцэрлэгжилт” компаниа  хувьчилчихаад өнөөдөр дахин Хот тохижилтын газар байгуулаад цэцэрлэгийн аж ахуйгаа эрхлэх гээд будилж явах.

Ер нь дүүргийн ТҮК, цэцэрлэгжүүлэлтийн байгууллагаа хувьчлах асуудал дээр би бүр анхнаасаа татгалзсан байр суурьтай байсан, дүгнэлтээ ч тэгж гаргаж өгч байсан  бөгөөд дарга нар л шийддэг болохоос яаж ч ганц дендрологичийн мэдэх ажил  байх билээ хөөрхий. Тэгж ТҮК болоод цэцэрлэгжилтийн байгууллага хувьчилсны нь буруу одоо гарч  байна.

Хөх хотын төлөвлөлт жинхэнэ утгаараа хэрэгжиж байгаа гэнэ. Түүнийг хэн ч өөрчлөх эрхгүй. Тийм болохоор өргөн цэлгэр гудамж бүхий авто зам, түүний хажуугаар дугуйн зам, бас явган хүний зам. Манайхан шиг хүссэн газраа авч, барилгаа дуртаа газраа цоолж,  цонхоор нь хаалга гарган явган зам хааж, зүлэгт ногоон талбайг устгаж, байшин барилгаа томсгодоггүй юм байна.

Газраа үнэтэй болгодог ганц  юм бол  ногоон байгууламж  гэнэ.  Тэнд  газрыг жинхэнэ  үнэд оруулж чадаж байна. Орчиндоо цэцэрлэг, ногоон байгууламж  байгуулах  боломжгүй газарт  орон сууц ч барихгүй, очиж хүн ч суухгүй гэдэг гэнэ.

Газрыг ингэж  тохижуулан сайжруулдлагаас  болж Хятадад эхний байруудад ордог том том барилгын компаниуд  ирж барилга барьцгааж байгаа ажээ. Хөх хотын засгийн газрын ордныг  саявтархан барьсан бөгөөд орчинд нь 2 га талбай бүхий цэцэрлэг тойруулан байгуулсан нь тэнд байгаа түшмэдүүд жинхэнэ ногоон цэцэрлэгийн дунд амьдарч байна гэмээр. Дахиад л хэлье. Гэтэл  манай төрийн ордны арын 1 га хүрэхгүйтэй үгүйтэй жижигхэн цэцэрлэгийг устгах гэж дайрч яваа эрхмүүдийг  харахаар шоолох, өхөөрдөх хоёрын аль нь таарах юм бол доо  гэсэн шүү бодол төрж  байлаа.

Хөх хотын хүүхдийн байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн нь 60 га талбайтай.  Мөн л ногоон цэцэрлэг голлосон, тохилог цэвэрхэн байгууламж. Харин монголын хүүхдийн гэж нэрлэсэн 32.0 га талбайтай  өөрөөр хэлбэл Хөх хотынхоос 2 дахин бага талбайтай хүүхдийн паркаас 3.0 га-г нь аль хэдийн Шангри-Ла барихад нь өгчихсөн. Энэ юу болж байна аа.  Монголд хот байгуулалтын хууль гэж байна уу. Ногоон цэцэрлэг монголд хэрэгтэй юу үгүй юу.

Тэндхийн хамгийн том бүтээн байгуулалт бол Далан хар уулын цэцэрлэг. Хөх хотын чанх хойд талд орших, ёстой далан давхар гэмээр мод ч үгүй, ус ч үгүй нүцгэн хар уул байж. Тэнд энэхүү цэцэрлэг байгуулах төсөл хийж ажлаа эхлээд бараг нэг жилд багтаан барьсан байна. Тэрхүү цэцэрлэгийн нийт талбай 600 га гэнээ. Талыг биш нүцгэн уулыг голдуу том оврын Нарс модоор ойжуулж, уулын зам гарган   амуудад нь  амьддын хүрээлэн байгуулжээ. Цэцэрлэгүүдийг 1-2 жилд л бүрэн байгуулчихаж байна. Түүний нэг учир нь тэнд том оврын модыг ойгоос, байгалаас шууд шилжүүлэн суулгаж  ургуулж байна. Түүнээс биш метр хүрэх үгүйтэй жижиг мод суулгачихаад том болохыг нь хараад суудаггүй гэнэ ээ.  Манай Явуугийн цэцэрлэгийг ч ганцхан жил л модыг нь уулнаас шилжүүлэн суулгаж ойжуулсан шүү дээ. Өнгөрсөн жилээс манай хот том оврын модоор хотоо чимж эхэлж байна. Үүнийг манай хотын  зөв бодлого гэж ойлговол зохино. Зөвхөн энэ 2017 оны хавар гэхэд л 2000 орчим том мод хотод шилжүүлэн суулгасан нь зуун хувь ургаж байна. үүнд зөвхөн арчилгаа л хэрэгтэй. Түүнийг ургуулах гэж хотын дарга, ерөнхий менежерээс эхлээд бүхэл бүтэн баг ажиллаж байгаа гэдгийг нэг дурсад авая. Тэгвэл бид бас туршлагажиж байгаа юм байна хө.

Тэнд Арслан, Бар, халуун орны Заан, Анааш хүртэл амьдарч байна. Уулын догшин барс торонд орсон болохоор жаахан гунигтайхан суниах нь нөгөөх  “Цаст уулын цагаан арслан цагаа болохоор шоргоолжинд баригдах”-ын үлгэрээр зөвхөн аялагчдын нүдийг хужирлах төдий болсоныг хараад өрөвдөх шиг. Торны дор нисэн буух жигүүртнийг хараад хүний гарт орсныг мэдрэв. Тэр гуай хаашаа ч холдож чадахааргүй болжээ.

Алтан жигүүрт тогос, бас болоогүй ээ биднийг дөхөхөд сүүлээ цацаглуулан угтсан тэр гайхамшигт жигүүртэн, нисэхийн жаргалыг эдэлж яваад ниргүүлэхийн зовлонд учирсан хөөрхөн шувууд миний хамаатан шиг улам ойртон дотносох тэр олон  нэр нь үл мэдэх хөөрхөн шувууд хөөрхий.

Гэвч амьтны хүрээлэн гэхээсээ илүү ногоон модот цэцэрлэгийг салхин талын арын ууландаа цогцлуулсныг нь харахад үнэхээр сэтгэл татмаар. Манай арын Чингэлтэй хайрхан уулын мод бүрэн устаж, Зүрх уул нүцгэрснийг хараад  улсаа гэх, Улаанбаатараа гэх эх орончид, бэл бэнчинтэйхэнчүүд маань  юу бодож байгаа бол. Зүгээр л оффордож байвал болоо юм болов уу. Ийм том цэцэрлэгт байгууламжийг ямархан хөрөнгөөр байгуулсан хийгээд хэн санхүүжилсэн тухай ярианд ногоон цэцэрлэгийнхэн учирлахдаа:

  • Бид төслөө боловсруулаад Хөх хотын захиргаанд танилцуулж зөвшөөрсөн нөхцөлд банкнаас зээл авдаг. Банкны зээлийг бидний ажлын үр дүнг харгалзан Хөх хотын засгийн газар барагдуулдаг. Зөвхөн энэхүү байгууламжинд 200.0 сая юуаны хөрөнгө гаргаад байгаа гэлээ. Боллоо.

Ийм л систем тэнд үйлчилж байна. Түүнээс биш хөрөнгөгүй гэж суудаггүй юм байна. Түүний адил монгол улсын нийслэлийг ойжуулах, цэцэрлэгжүүлэх, байгаль орчноо хамгаалах, ногоон цэцэрлэг байгуулах мэт нь монголын төдийгүй дэлхийн амин чухал үйлс, тулгамдсан асуудал болсон экологийн доройтол, агаарын бохирдол, цөлжилт мэтийн аюул нүүрлэсэн одоогийн нөхцөлд ихээхэн түлхэц болохуйц туршлага тэнд байна аа. Ногоон бүсийн ой  минийх үү, Зайсангийн ам  минийх үү.

Улаанбаатар тэлж уулын амуудаар гарлаа. Социализмийн үед албан байгууллага бүр ажиллагсадаа өөрийн зусландаа 6-р сараас нүүж агаарт гаргадаг заншил тогтоод бүр хэвшчихсэн байсан. Нэг загварын, нэг л айл багтахаар авсаархан, бас эгнүүлж тавьсан  тэдний журамтай  гэдэг нь жигтэйхэн.

Зөвхөн зуны 3 сард гардаг болохоор зуслангийн цэвэрхэн ч гэж догь, ёстой л зуслан байж. Тэгсэн одоо зуслан биш зах зээлд шилжиж, нурсан социализм  зуслангаа хамтат нь залгиж, нэг үе эзэнгүйдсэн  “зуслан”-ийн суурин дээр шинээр далай шиг том том хашаа хатган аль хэдийн “эзэмшигчид” нь эзэмшжээ.

Хууччуул одоо энд манай байгууллагын зуслан басым гэхээс өөр ам ангайж,  хуруу гозойлгох  нэг ч “жодгор” алга. Бүгд капитал барилга.  Мундаг том том хаусууд. Тэнд зусна гэхээсээ илүү өвөл зунгүй амьдардаг  эдлэн аль хэдийн сүндэрлэсэн байна. Манайхны амьдрал бас сайжирчээ. Улсын үйлдвэрүүд, төрийн байгууллагууд, ер  бүгд “албан” нэртэй байсан  тэд өнөөдөр амины  юм болсон болохоор авсан газар дээрээ юугаа босгох нь тэр хүний хэрэг. Тэгээд ойн гүн рүү шигдээд  орчихсон, аз жаргалтай гэгч  нь амьдарч байна.

Би үүнийг зөв гэж бодож байна.  Манай ойн тухай хуулийн 29-р зүйлийн 1-ийн 10-д  “Ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулахыг  хориглоно” гэж заасан байх  юм.

Манай Улаанбаатарын зуслангийн амууд бүгд ойтой, бүгд ойн сангийн газарт багтдаг.  Тэгвэл тэнд  барилга байгууламж барьж болохгүй нь бололтой. Тэгтэл бүгд барилгажаад, бас зарим нь бүр зөвшөөрөл, эзэмших, ашиглах, өмчлөх гэх мэт төрөл, төрлөөр нь авчихсан байдаг аж.

Улаанбаатар мэт агаарын бохирдол ихтэй хотын ногоон бүс, ойролцоох уулын  ой модтой амуудад байшин барилга барихгүй, ард иргэд нь тэнд очиж амьдрахгүй тэгээд хаана амьдрах болж байна.  Хойч үедээ хадгалж байгаа хэрэг үү. Бидний хойч үе гэж хэн бэ. Ли юу, Жон уу.

Монгол оронд ой мод бүхий эсвэл ойн сан  бүхий газрууд элбэг бөгөөд  ойн хуулийн заалтын үзэл санаагаар бол ой тэлж ургах нөхцлийг бүрдүүлэх үүднээс  ойн захаас хадлан авч болохгүй, 100 метр газарт ямарч барилга байгууламж байж болохгүй мэт заалтууд орсон гэж боддог. Харин Хотын ногоон бүсийн ой бол хотынхонд зориулагдсан, нийслэлчүүдийн эдлэн байх ёстой. Тэр утгаар нь авч үзвэл ногоон бүсийн ойг сэргэн ургаж захаасаа тэлж байдаг  байгалийн ой хэмээн ойлгох биш, ард түмэн амьдарч амт шимтийг нь мэдэрч байдаг, ахуй орчин гэж л үзэх учиртай. Тэгж хуулиндаа өөрчлөлт оруулах юмсан. Чингэхдээ хотын ногоон бүсийн асуудлыг тусд нь заагаад, ойгоос хол бай, ойн зах руу ойртвол чинь хохьчин шүү гэдэг заалтыг яаж шүү хасая даа л гэж бодох юм. Учир нь ой хүнээс хол байх тусмаа л  эрсдэлтэй.

Та нар мэднэ дээ. Чингэлтэйн амны эхэнд  Зүрх уул гэж ямар ногоон  “зүрх” байлаа. Модны хулгайчид ганц нэгээр нь зөөсөөр байгаад зах зээлийн гэх нийгмийн үед бүгдийг нь “мөлжсөн”.  Хэрвээ энэ уул  эзэнтэй байсан бол яалаа гэж хаяанаасаа авахуулаад халзартлаа  модоо огтлуулаад хот руу зөөлгөхсөн билээ. Зүрх уул эзэнгүй  уул шүү дээ. Сүхбаатарын талбай хавиас түүнийг харуулдана гэж юу байхав. Харин хажууд нь эдлэн нь байсансан бол яалаа гэж ийм байдалд орохов дээ.

Ой дотор байшиин сууцаа  бариад, орчин тойрныхоо ойд эзэн болоод  монгол хүн  аз жаргалтай  сайхан аж төрж яагаад болохгүй гэж. Дандаа “болохгүй” гэсэн хориглосон заалтууд чинь сайн юм юуг авчирсан бэ.

Харин нөхөрлөлийн ой гэсэн ухагдахуун сүүлийн үед гарч ирж байгааг сайшаана. Тэр маань “нөхөрсгөөр”  хуувилдан хувааж устгаж болохгүй. Түүний хажуугаар нь иргэн, айлууд  ой дотор “зүгээр л нэг  зүлгэн дээр”  гэрээ бариад амьдрах нөхцлийг бүрдүүлэхсэн.  Зуслангийн газрууд одоогоор өмчлөгдөөгүй байна. Харамсалтай нь өмч хөрөнгө, эрх мэдэлтэй нь “бүгдийг” нь хашаад  авчихсан нь  олны дургүйг хүргэсээр.  Хэрхэн яаж өмчлөх нь харин  газрын албаныхны шүдний өвчин.

Өөр нэг хөндөх асуудал бол Зайсангийн ам. Нэг үе дархан цаазат уулын аманд юу ч байж болохгүй, тэнд зуслан ч  байх шаардлагагүй гээд 1987-1988 онд бүгдийг нүүлгэсэн. Хотын дарга Самбуугийн Мөнхжаргалын захирамжаар Зайсан, Залаат, Хүрхрээ, Төрхурах юу юу билээ Богд уулын амуудын бүх зусланг нүүлгэсэн. Харин харамлаж үлдээх ганц газар бол Богд хан уулын амууд байсан нь үнэн. Аль 1670-аад оны үед дархан цаазат  болсон энэ уулын амыг дур мэдэн зуслан биш, орон сууц болгосон  тэр бурангуй шийдвэрийг  Байгаль орчны сайд байхдаа У.Барсболд гаргаж, 60 гаруй аж ахуйн нэгжид “аялал жуулчлал” эрхлэх нэрийдлээр зарсан этгээд. Тэгээд нүглээ наманчлах санаатай бурхан багшийн хөшөөг хот руу харуулан босгож,  “буян” үйлдсэн.

У.Барсболдын замаар  баахан ачаатай тэмээ хот руу  нүүж, Богд уул сэглэгдэн үлдсэн. Богд хан уулын аманд “бор гэртээ богд хар гэртээ хаан” шиг амьдрах боломжгүй.  Энэ бол дэлхийн ууган дархан цаазат газар. Үнэт зүйлийг хадгалан үлдээнэ гэдэг төрийн бодлогын асуудал. Харин нэг харалган “сайд” шууд зарж эхэлсэн нь одоогийн Зайсангийн ам руу дөхсөн их нүүдэл. Хайран  уул.  Уулын ам болгон дуу шуу цуурайтсан  байшин барилгаар дүүрч, хөл хөдөлгөөн ихсээд ирэхэд юун  амьтан ургамал, ховор нандин юмс.

Эндээс юу харагдаж байна гэхээр төрийн бодлогын залгамж халаа алдагдаж, хэн дуртай, мөнгөтэй, амбицтаЙ   нь сайд болдог, тэр хүнд улс төрийн болоод эх орон, ард түмэн, түүх уламжлал, ёс заншил  ер хамаагүй, албан тушаалаа ашиглаж өөрт хэрэгтэй бүхнийг цогцлуулж аваад, олигтойхон баяжиж аваад газрын гаваар ордог жишиг тогтоод удаж байна.

Тэр У.Барсболд нөхөр хаа явна. Одоо Зайсангийн амны хамгаалалтын горимыг зөөлрүүлж, орон сууцны хороолол  орших газар болгон хувиргахаас өөр  аргагүй байдалд хүрсэн.

Тэнд У.Барсболдын  байгуулсан гавьяа бол барилгын хэдэн компануудад барилга барих газар олгосонд л байгаа. Зүй нь Ойн тухай хуулинд, бас Нийслэлийн эрх зүйн  байдлын тухай хуулинд нийслэлийн ногоон бүс гэж юу юм бэ, тэр  ногоон бүс маань Хэнтийн, Хангайн, Хөвсгөлийн ой тайга уу, ойн талын хууль дүрмээр зохицуулагдах эд мөн үү, биш үү.

Манай нийслэлчүүд одоо 1,3 сая болчихлоо. Утаат хонхортоо багтахаа байлаа. Тэгээд энэ газар ойн хуулийн  заалтын дагуу 100 метр ч дөхөж болохгүй гээд байдаг, тэр ч байтугай хашаанд нь байгаа торлог, хусханы ширэнгийг ой гэж үзээд хөөгөөд байдаг энэ  үйл ажилллагаа маань зөв үү буруу гэж тунгааж, үүнийг л сайд учрыг нь олохыг хичээсэн бол болох байлаа

Одоо  ногоон бүсийн ойд амьдарч байгаа хүмүүс ой дотор байна, “чи ойн тухай хууль зөрчсөн этгээд” гэсэн цоллогоотой айдас хүйдэстэй, хэзээ хэзээгүй  нүүхийг шаардсан, хөөлгөсөн туулгасан амьтас байгааг эрхбиш харж үзэх ёстой.

Намайг ой дотор зуслан байгуулчихаад түүнийгээ хамгаалах гээд улиглаад байна гэж бас битгий бодоорой. Надад ой дотор  байтугай задгай талд ч ганц зуслангийн газар байхгүй. Гэр хороолол дотор нэг хашаатай л хүн.

Тэгтэл ийм юмыг шийдэхгүй, атлаа тэнд байсан Дархан цаазат уулын амыг зарах.  Би түүнийг шууд зарсан гэж үздэг. Тэр ч байтугай наана нь Туулын хөвөөнд байсан Богд хааныг эмчилж байсан “Эрдэнийн очир” одонтой  И Тэ Жүн гэдэг солонгос эмчийн дурсгалд зориулан босгосон жижигхэн цэцэрлэгийг хөөж яаж сандаргасан гэж. Түүнийг хөөчихвөл бас зарах талбай тэнд байгаа гэнэ ээ.

Одоо бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнг бүрэн орхиж харж хандах эзэнгүй, нөгөө Барсболд маань сураг ажиггүй болсныг хараад энэ нөхрийг  бурхан багш нь аврахгүй нь дээ  гэж бодогдож байлаа.

Яагаад Барсболд гээд нэг хүн рүү дайраад байна аа гэж битгий бодоорой. Ийм бурангуй юм хийсэн хүн, дархан цаазат уулын амыг зарсан, барилгажих үүд хаалгыг нээсэн хүн, дэлхийн анхны дархан уулыг дархан биш болгосон хүн, тэнд байсан буга согооноос авахуулаад бэлчиж байсан ховор  амьтан ургамлыг устгасан хүн,  амар амгалан, тайван жаргалтай тарвалзаад явж байх  ёстой гэж үү.

Адаглаад ард түмнээсээ уучлал гуйчихдаг бол бас яамай.  Үгүй л байхгүй юу. Өөрөөр хэлбэл цадигаа алдсан улаан дээрэмчин шиг миний нүдэнд харагдаад байгаа учраас энэ үгийг хэлээд байгаа юм. Нэг хүний тарьсан гай хэдэн үеэрээ арилдаггүй бөгөөд түүний хор уршиг  түүхэнд хараар л үлдэнэ. Үүнийг ард түмэн мэдэж хоцрох ёстой. Буянт үйлийн төлөөнөө сүү өргөж үлддэг ард түмэн минь ээ.

Дендрологич, Биологийн ухааны доктор, Профессор,

Монгол Улсын байгаль орчны гавьяаи ажилтан

Б.Чимид

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *