Өмдгүй байж өвдөг цоорхойтыг шоолох буюу Улиасыг өмөөрөхүй

Хотын мод ярихаар, Аа тэр нэг цагаан юм хаядаг мод уу гээд ярвайх  эрхмүүдийг  нэлээдгүй харлаа. Бодвол унгиралаа хаядаг Улиасыг л ад үзэж байгаа бололтой.

Тэр гуай модны тухай мэдлэггүй, тэр тусмаа Улиас гэж юу вэ гэдгийг мэдэхгүй, мэддэг нь цагаан хөвөн хаяж ундууцлыг нь хүргэсэн гэмтэй тэр л мод. Түүнийг Улиас гэдэг юм аа.

Монголд дөрвөн  зүйлийн Улиас ургадаг гэж эрдэмтэн Д.Энхсайхан  “Монгол орны мод сөөг” гэдэг зурагт  номондоо  тэмдэглэн үлдээжээ. 1-д Улиангар (Populus Tremula),  2-д Лавр навчит улиас (Populus Laurifolia) 3-д Үслиг улиас (Populus Pilosa), 4-д Анхилуун улиас (Populus suaveolens) гэж. Эд бүгд Populus төрлийн мод. Мөн ургамлын ангилал зүй судлаач эрдэмтэн Ч.Санчирын  мэдээллээр   Хар Улиас  гэж бас байгаа бололтой. Ямарч л байсан монголд 4-5 зүйлийн Улиас ургадаг бөгөөд бүгд л манай  орны унаган ургамал.

Нийслэл хотод анх 1940-өөд оноос мод суулгаж  цэцэрлэгжүүлэх ажил эрчимтэй явагдсан бөгөөд тэр үеэс л мод үржүүлгийн газар ургуулж бойжуулсан улиас модоор хотын гудамж талбайг чимж эхэлсэн түүхтэй. Нэг хэсэг хотод уулнаас том Шинэс, Нарс, Гацуур мод авч ирж суулгаж байснаа үржүүлгийн улиас  нэвтэрснээр хот улиасжиж, нөгөө модоо уулнаас авахаа зогсоосон байдаг.

Энэ “нөхөр”  ингэж түрж орж ирээгүй бол нэг хэсэгтэй л уулын том  шилмүүст модоор хот ногоорох байсан байх аа. Одоо манай хотын том модны 70 гаруй хувь нь Улиас байгаа гэхээр  тэр мод түүхэн үүргээ гүйцэтгэсээр л байна. Улиас  бол түргэн ургадаг, том том навчтай, анхилуун сайхан үнэртэй, агаарыг цэвэршүүлэх, тоос шороог өөр дээрээ барих, дуу чимээг хаах зэрэг олон талын чанараараа бусад модноос  дутахгүй, тэр тусмаа манайх шиг  мод  тарьж  ургуулах, арчлан хамгаалах  уламжлал муутай хүмүүст бүр  нэг таарсан мод гэж би  хэлнэ. Учир нь тэр гарын ая сайн даана. Услахгүй хэд хоночихсон байхад арчилбал амархаан сэргээд ирнэ. Түүнийг нэг настай модожсон мөчрөөр нь маш сайн ургуулдаг.  1 га-д 40.0 мянгыг тарьж 3 жилийн дараа борлуулалтанд бүрэн гаргах бололцоотой стандартын суулгац бий болчихсон байдаг.

Намайг Дорнод аймгийн  Ой агнуурын аж ахуйн даргаар ажиллаж байх   тэр үед Халхын голын мод үржүүлгийн газарт суулгасан улиасны мөчир 1 жилдээ 2 метр өндөр ургасан байсан. Тэгэхээр үржил шимт хөрсөнд усалгаа арчилгаа сайн байх  юм бол 3  настай Улиас 3-4 метр ургах бололцоотой гээд бод доо.

Түүнийг хөрс хамгаалах ойн зурвас байгуулахад өргөн ашигладаг бөгөөд энэ талаар гойд сайн мод. Ойн ахмад  инженер  Л.Доржцэдэн  Хархорины мод үржүүлгийн газрын дарга байхдаа 1970-аад оны сүүлээр  байгуулсан хөрс хамгаалах ойн зурвасны үлдэгдэл одоо  хүртэл Орхоны хөндийд сүүдэртэн харлаж харагддаг.

Улиас модоор бүхэл бүтэн хотоо чимсэн  улс орон зөндөө. Хэдэн жилийн  өмнө ОХУ-ын Хаказын Бүгд найрамдах улсаар явж, түүний нийслэл Абакан хотоор хэд хонолоо. Тэнд Улиас, Хайлаас хоёр л байна. Тэгээд манайхан Улиасыг ад үзээд бараг  бүгдийг нь солих тухай нэг нөхөр хэлж байсныг дуулаад, цагаан хөвөн буюу тэр унгирал гэдэг  цагаан нисгүүрт үр хаясныхаа төлөө ад үзэгдэх арай болоогүй юмсандаа Улиас минь гэж бодогдоход хүрэв.

Манай монголын ойчид бүгд л улиасаа магтдаг. Түүний тэсвэр, хатуужил, түргэн ургаж, сүүдэр үүсгэдгийг нь хүртэл ян халууны хүмүүс  бахдан биширч явдагийг бид мэднэ. Юмыг муулахдаа газарт ортол нь муулж чаддаг манайхны нөхдийн араншин эвгүй гэдэг нь жигтэйхэн. Цагаан хөвөн хаядаг гээд л ад үзэх  янзтай. Тэр бол эм улиас үрээ хаяж байгаа хэрэг  юм. Хаа ч юмны үр гэдэг ариун нандин юм байдаг.  Бузар муухай үр гэж хаана ч алга.  Харин түүний унгирал гэж нэрлэдэг цагаан хөвөнцөр нисгүүрт үр нь  ямарч хоргүй бөгөөд улиасны үр хийсэж тарахад зориулагдсан, нэг ёснй далавч нь л юм. Түүнийг хортой мэтээр сурталчилж, Улиас хэмээх сайхан модыг хот суурин газарт ойртуулж болохгүй мэтээр харааж, газарт ортол нь муулах ямар хэрэг байна аа.

Тэр унгирал, түүнийг унахаас өмнө гардаг молцог энэ тэр нь мэдээж хотын гудамжаар унаж, жаахан новширдог тал бий л дээ. Тэр бол цөөхөн хоног бодоод л өнгөрдөг зүйл.

Одоогийн  Эрүүл мэндийн сайд Цогцэцэг, Харшил судлалын эмнэлгийн дарга байхдаа нэг том зөвлөлгөөн зохион байгуулсан юм. Монголд харшлын өвчлөлийн талаар, түүнд нөлөөлдөг хүчин зүйлүүд, гол гол өдөөгчдийн  талаар. Сайхан зөвлөлгөөн болсон юмдаг. Түүнд харшил үүсгэгч өвс ургамлын талаар  монголын том том эрдэмтэд ороллцсон. Миний бие аз таарч бас оролцож, санал бодлоо солилцох завшаан тохиолдсон. Тэр зөвлөлгөөн дээр  харшил үүсгэдэг ургамлуудын толгойд  Лууль, шарилжны төрлийн  ургамлууд   цохиж явна. Тэд  харшлын 87-90 хувийг нь үүсгэдэг гэсэн. Ийм л адтай чөтгөрүүд.

Харин нөгөө хялаагаад ад үзээд байдаг   хотын Улиаснаас харшил үүсгэх нь  2,7 хувийн л магадлалтай гэсэн судалгаа гарчээ. Тэгэх тэгэхдээ унгирал нь биш, харин унгирал ялгаруулдаггүй  “эр” улиаснаас гарсан тоосонд  тийм хоруу байж болно гэнээ.

Манай хотын төвд байгаа Улиаснууд одоо унгарилаа хаяхаа бараг больсон доо. Манай хотын ганц нэг албан газрын хашаанд байгаа хэлбэржүүлээгүй улиаснууд одоо үрээ хаясаар л байгаа. Улиас өөрөө  хэлбэржүүлэлт, таналтыг маш сайн даадаг мод. Тийм болохоор жил бүр ургасан мөчрийг нь танах маягаар хэлбэржүүлээд байвал тэр таны ад үздэг хөвөн ялгарахгүй.  Улиас өөрөө залууужиж, сайхан ногоон өнгө  гаргахын хажуугаар жил бүрийн шинэ навч нь нарны гэрлээр өсөж жилдээ л өнгөлөг байлгадаг. Тэр зөвлөлөгөөний шийдвэрийг  би алга ташин хүлээж авч, улиасыгаа өмөөрөн бараг өмөлзөх шахав. Тийм л ариун амьтан.

Би тэгээд мод тарих гэж ирж буй  хэн нэгэнд  та эхлээд Улиас, Хайлаас хоёрыг л хашаандаа ургуулчих. Тэгээд түүний дараа нөмөр сүүдэрт нь янз янзын мод тариад үз. Жилд дөнгөж  2-3 см өндөрсдөг Шинэс, Гацуур, Нарсыг тариад та хэзээ сүүдэрт нь заларнаа, таны ч,  миний ч нас гүйцэхгүй, харин жилдээ  1,0-1,5 метр өндөр ургадаг Улиасыг тариад орчноо ногоон болгоод ав гэж зөвлөдөг. Улиасны тэр хурдан ургадаг, тэсвэртэй, том болдог чанарыг нь ашиглаж төмөр замын хамгаалалтын ой, тариан талбай хамгаалах ойн зурвас, авто болон хурдны замуудын хамгаалалт, элс, цасны нүүлтийг зогсоох  саад гэх зэрэг маш олон чиглэлээр ашиглахаас гадна монголын ногоон хэрмийг үүсгэгч гол ургамал нь Улиас болоод байгаа.

Улиасны унгирал харшил үүсгэдэг гээд яриад байдаг нөхдийг би, тэр ямар нэртэй харшлаар хэн гэдэг хүн өвчилсөн юм бэ аваад ир гэх нь халгүй байдаг. Учир нь мадээж суурь харшилтай хүний хүзүү хоолой, ам хамраар  хийсэн ирж  “оролдсон” байж болно. Түүнээс биш унгиралын харшил гээд заах юм бараг байхгүй дээ.

Харин Улиас мод тарихад анхаарах зүйл бий. Жишээлбэл байшин барилга, орон сууцандаа хэт ойр тарих, засаж хэлбэржүүлэхгүй орхих, үндэсний шижмээр соёолон ургаж орчны  зүлэг, талбайг эзлэх, намар навчаа гөвж талбайд жаахан новшрох явдал гаргадаг. Манай хот суурин газрын айлууд, албан газар бүр хашаагаа Улиас модоор чимж, түүний сүүдэр, титмийн доогуур жижиг мод ургамлыг суулган, өнгийн хослол үзүүлэн цэцэрлэгжүүлбэл  та илүү амархан үр дүнд хүрнэ. Магадгүй танаас тун бага зардал арчилгаа шаардан, хамгийн сайхан үр дүнг танд үзүүлж чадна. Нэг л мэдэхэд та мод тарьж ургуулах, арчлахын арга эвийг сурчихсан, туршлагатай цэцэрлэгчин болчихсон байж мэднэ.

Нэг ч мод суулгаж ургуулж үзээгүй, мод ургамлын ач холбогдол, түүний сайхныг мэдэхгүй атлаа сургаар аяглаж суудаг зарим нөхдийг, тэр тусмаа Улиасыг муу хэлэх эрхэмийг би “өмдгүй байж өвдөг цоорхойтыг шоолох” гэгчээр чи юу юу ч үгүй байж битгий ингэ. Адаглаад улиасаа тариад ургуулчих. Тэгээд дараа нь том том ярь гэж би зөвлөдөг.

Улиас муу мод мэт цуурхалаас болж сүүлийн үед мод үржүүлгийн газар улиас тарих нь ховордож, харин ч Улиасны эрэлд гарах дөхөж байна.  Стандартын шаардлага хангасан мөчрийн салаалалт сайтай 2-3 метр  өндөртэй  эх орны унаган Улиас бараг мод үржүүлгийн газраар алга.

Үхрийн сүүл шиг орой дээрээ цөөхөн цацагтай, туялзсан урт улиасансар энд тэнд найгаж байгааг хараад би гайхаж байна. Бусад модыг битгий тарь гэж хэлж байгаа юм биш, хамгийн сайн чаддаг, хамгийн өндөр үр дүнтэй , арга технологи нь нутагшсан тийм сайхан ажлаа орхиод өөр бусад руу битгий хошуураад байгаач, уламжлалт  мод үржүүлгийн  газраа ёсоор нь сэргээж, улиас мэт сайхан модоо  тариач гэж л зөвлөх гэсэн юм.

Дендрологич, Биологийн ухааны доктор, Профессор,

Монгол Улсын байгаль орчны гавьяаи ажилтан

Б.Чимид

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *