УРГАХ НАРТАЙ УРАЛДАГСАД буюу “ШАР ХАНТААЗТАН”

Өглөө эрт хотоор  явахад хамгийн түрүүн тааралддаг хүмүүс  “шар хантаазтан”. Шүүрний хөнгөн чимээ гудамжинд зөвхөн хүн амьтан босч, машин тэрэгний хөл хөдөлгөөн эхлэхээс өмнө гардаг. Тэр шүүр барьсан эртэч  хүмүүс аль хэдүйн ажилдаа орсон байдаг.

Зарим бэртэгчин нэгэн “Би хогоо хаяхгүй бол цэвэрлэгч  чи ажилгүй болчихно” гэж сэтгэдэг гэсэн. Үнэндээ ямар хувь зохиолоор нэг нь ихэмсгээр хээнцэрлэн хог хаягдал, ялгадсаа гудамжинд хаяж, түүнийг бас ямар үйл лайгаар нэг нь муу хэлүүлэн хэлүүлэн  хамж, цэвэрлэж явдаг байнаа.

“Зам талбайн үйлчлэгч” нэртэй хөөрхий тэр хүмүүс явж явж маш их буянтай улс. Ажлын мууг хийж байна. Өөрөөр хэлбэл хэн хүний дургүйлхдэг бузар бохир гэгдэх хогийг цэвэрлэдэг. Гэвч тэд цагаан сэтгэлтэй, ариун тунгалаг дотортой хүмүүс. Хүний хий гэснийг хийж ав гэснийг л авдаг. Илүү харж билүү долоохгүй, авах идэхийн шуналгүй, тэгсэн атлаа үүргээ ухамсарлаж, нойроо хасч эрт босч чаддаг хүмүүс. Магадгүй муу хувцас өмсөж, муу хоол иддэг ч байж болно. Авч байгаа цалин нь амь, амьжиргаанд нь бүрэн хүрч, халгиж цалгиад байхгүй ч авсныгаа “төрийн хишиг” л гэж залбирч хүртдэг.

Ядуу татуу төрлөө гээд эсвэл баян тарган байлаа гээд хэн ч хоёр иддэггүй. Тийм болохоор тэд болж бүтэж л байна гэж үздэг. Тэдэнд ар гэр, амьдрал, хайр дурлал, хүн л болсон хойно хүний орчлонд байдаг баяр жаргал, зовлон гуниг бүгд бий.

Аав ирлээ, ээж ирлээ гэсээр

Ангааахай үрс нь хүлээж байдаг

Аян жинд явсан юм шиг

Алгаа тосоод   угтаж байдаг

Голдуу хотын хаяа хөвөөгөөр гэр хорооллоор амьдардаг, хамгийн түрүүнд автобус, троллейбусаар хот орж ирдэг. Хэд ч дамждаг юм бүү мэд.

Ямарч л байсан биднийг халуун хөнжилдөө дугжирч  байхад өвлийн хайрууд, хөлдүү цардмал зам дээр хөнгөн шингэн гишгэж хогоо шүүрдэж, зуны халуунд  шүүдэр үнэртсэн чийглэг өглөө сэнгэнэсэн агаар амьсгалан хог цаасаа түүсээр л явдаг.

Хэрэвзээ эд нэг л өдөр ажил хаях юм бол манай хот “Цагаан даваа”, “Нарангийн энгэр” шиг болно. Даанч манай зам талбайн үйлчлэгчдэд тийм давруун зан, давилуун ааш байхгүй нь сайхан.

Ийм том хотын гудамж талбай хог, цаасгүй цэмцийн харагдах нь тэдний хөдөлмөрийн л үр дүн.

Төрийн наадамдаа зочилж явахад чинь

Төв цэнгэлдэх чинь цэвэрхэн байдаг

Аяны хундагаа зэхчихээд сууж байхад чинь

Ажлаа хийгээд зогсож байдаг

Битүүлэх гээд яарч явахад чинь

Бид хотоо цэвэрлэж байдаг

Шинийн нэгнээр золгож явахад чинь

Шүүрээ бариад зогсож байдаг  гэж тэд хэлдэг.

Хийсэн бүтээсэн бүхэн нь хүний нүдэн дээр байдаг тийм ажил зөвхөн зам талбайн үйлчлэгчийн л ажил.

Хотын 6 дүүргийн зам талбайн үйлчлэгчдийн тоо ердөө л  мянга орчим. Хот нийтийн эзэмшлийн гудамж, талбайг тэд хуваагаад хариуцчихсан байдаг. Өөрөөр хэлбэл тэр уулзвараас энэ хүртэл гэдгээ тэд сайн мэднэ.

Олон хүүхэдтэй айлд бужигнаж өссөн хүүхэд шиг их хотын бужигнаан дунд тэдний ажил өнгөрдөг. Тэд бас гэр орондоо олуулаа байх нь бий. Ямарч л байсан “Шар хантаазтан” хотын цэвэрлэгээг нуруундаа үүрч явна.

Хүний хөдөлмөрийг хүндэтгэх,  хүнийг хайрлах гэдэг хүмүүнлэг нийгмийн амин шүншиг нь гэсэн. Бас хүнд хийсний нь хэрээр, бүтээсний нь тоогоор хөлс цалин өгөх нь зах зээлийн харилцааны хууль гэнэ.

Нэгэн өглөө зүгээр эрт боссоныхоо өмнөөс зарим “босс”-ууд нэг нэгнээсээ шан харамж авч хөдөлбөл хөлс гэдэг “хэвлэгдээгүй” хууль үйлчилчихээд байхад энэ их ажлыг нугалж байдаг улсуудын цалин хангамж бага айх үндэс байхгүй.

Ажлын хүндийг харгалзан хөлс төлдөг. Хэрэвзээ цэвэрлэгчийн ажил хөнгөхөн, цэвэрхэн сайхан юм бол яагаад цэвэрлэгч болох гэж өрсөлдөж, албан тушаал ахих гэж нэг нэгнээ хахуульдахгүй байгаа юм бэ. Хэзээ ч ингэхгүй нь мэдээж билээ. Учир нь энэ ажил хүнд, өглөө орой харанхуйд харина.

Өвлийн хайруу, зуны халуунд энэ хүн мөнхийн гудамжинд “амьдарна”  Манай монголын тэнгэр ямар билээ. Хавар намрын хар шуурганд эсвэл дүн өвлийн хүйтэнд ёстой гадаа гандаж, хөдөө хөхөрч яваа хүмүүс.

Нөгөө бидний өрөвч зөөлөн сэтгэл, хүмүүнлэг сайхан нийгэм маань хаачив аа. Эдэнд хамгийн өндөр цалин өгдөг болбол хийсэн ч хийгээгүй ч ийшээ зүтгэх хүн гарах нь мэдээж. Яагаад гэвэл цалин нь өндөр. Тэгвэл хүн дурлаад байх ажил биш, бас шунаад зүтгээд байх өндөр хангамж алга. Гэхдээ эд “гэрэлт ногоон гудамжаасаа дүрвээгүй”

Эд  ажлыг мөнгөөр биш, сэтгэлээр хийдэг  ажээ. Муу ажил гэж хаана ч байхгүй. Харин ажлын нэр хүндийг дээшлүүлж, ажиллагсадаа сайн сайн үйл бүтээж байна гэж итгэл үнэмшлээр дүүргэж би хэнээс ч доргүй амьдарч явна гэсэн бардам зангаар хандуулж толгой өндөр явуулсан цагт тэр хүний ахуй, орчин бүгд өөрчлөгдөнө.

Үүнийг нийслэл, дүүргийн төр, захиргааны байгуулагаас анхаарч, бодлого болгон явуулах нэг ажил мөн.

Амьдрал байсан цагт хог байх нь дамжиггүй. Тэр тусмаа зах зээлийн энэ нийгэмд, бас хүмүүсийн  амьдрал дээшилж,  мах гурил хоёроос өөр сонголттой болсон цагт амьдарч байгаа  нийслэлийн сая гаруй хүний хэрэглээ их өсчээ. Хэрэглээний хэмжээгээр хог гардаг.

Хог хаях зориулалтын сав байсаар атал заавал гудамжинд гаргаж хаях, тагт цонхоороо гадагшлуулах, үургийн худалдаа, гар дээр наймаа хийж сав, баглаа боодол, гялгар уут, унданы сав, шил,  цаасыг хөглөрүүлээд орхих зэрэг нь “Шар хантаазтан”-ны хөдөлмөрийг хүндрүүлж зөвхөн нэг нэгэндээ дарамт учруулах хэлбэрээр манай амьдрал явагдаж байна.

“Ланд унасан сайхан хархүү

Лааз шилээ шидэлдэг л юм

Булга нөмөрсөн хөөрхөн бүсгүй

Буртаг хогоо хаядаг л юм” гэнээ.

Их хотын амьдралд дасаагүй, шуудхан хэлбэл нүүдэлчин монголчуудын энэ араншин тийм ч амархан засарчих төлөв харагдахгүй байна.

Зам талбайн цэвэрлэгчдэд яагаад “шар хантааз” өмсгөв. Олноос ялгахын тулд ингээгүй. Тэд аюултай орчинд ажил үүргээ гүйцэтгэдэг. Ялангуяа машин унаа замдаа багтаж ядан байгаа манай нийслэлд ажлын байр нь өдрөөс өдөрт аюултай болсоор байна.

Шүүртэй яваа андыг минь

Шүргэсэн удаа ч  байдаг  л юм

Ширүүн дориун аашаараа

Ширвэсэн явдал ч гарсан л юм гэнэ.

Хөдөлмөрийн нөхцдийн талаас нь судалж “шар хантаазтан” гэсэн нэг бүлэг хүмүүсийн асууддыг иж бүрнээр нь авч үзэх цаг болсон шиг.

Эдэнд бас залгамж халаа гэж бий. Тэднийг өнөөдрөөс эхлэн хүмүүжүүлж ажилдаа урам зоригтой ирж орой баяр хөөртэй харьдаг болгох тийм нөхцөл, тийм хөдөлмөрийн орчинг бүрдүүлэх шаардлагатай.

Сүүлийн үед тэднийгээ урамшуулан шагнах, цалин хангамжийг нь нэмэх, хариуцдаг талбайн хэмжээг багасгасан норматив тогтоох, зөвлөлгөөн зохион байгуулах зэрэг арга хэмжээ авч буй нь сайшаалтай ч  хот улам  тэлж  байна.  Бас зөндөө эзэнгүй, хогоор бохирдсон  талбай цаана чинь нэвсийж байна.  Эдний тоог дахиад нэг дахин нэмэхэд болохгүй гэх газаргүй. Хүн  цэвэр, тохилог, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Түүнийг бүрдүүлэхэд хүн нэмэхэд хүнс нэмэгдэнэ гэдэг шиг ажлын байр нь байхад, энэ олон ажилгүй хүнээр хотоо цэвэрлүүлэе л дээ.

Дендрологич, Биологийн ухааны доктор, Профессор,

Монгол Улсын байгаль орчны гавьяаи ажилтан

Б.Чимид

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *