Р.Даваасүрэн: Хөрөнгө оруулалтын 80 хувь нь гэр хороолол руу чиглэсэн.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн удирдамжаар нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн ажилд шалгалт хийжээ. Энэ тухай Нийслэлийн Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Р.Даваасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

Шалгалтыг ямар журмаар явуулсан бэ. Үр дүнг нь танилцуулахгүй юу?

Хотын Ерөнхий менежерийн зүгээс улиралд нэг удаа, биечлэн газар дээр нь үзлэг, шалгалт хийдэг уламжлалтай. 13 хүний бүрэлдэхүүнтэй баг, хоёр өдрийн турш нийслэлийн зургаан дүүрэгт ажиллалаа. Тухайн дүүргийн гэрэлтүүлэг хариуцсан мэргэжилтнүүд болон гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээ хариуцсан байгууллагуудыг хамарсан нэгдсэн шалгалт хийсэн. Шинээр хийсэн гэрэлтүүлгийн баталгаат хугацаа гурван жил байдаг. Энэ хугацаанд эвдрэл, засварыг гүйцэтгэгч компани хариуцах ёстой. Шалгалтын явцад энэ хугацаандаа засвараа хийгээгүй хэд хэдэн тохиолдол илэрсэн.

Зөрчилтэй компаниудад ямар арга хэмжээ авсан бэ. Удахгүй өвөл боллоо. Гэрэлтүүлгийг хэр нэмж байгаа вэ?

Албан бичиг хүргүүлсэн. Чанарын баталгаат хугацаандаа засвар үйлчилгээгээ үзүүл гэсэн сануулга явуулсан. Жил бүр нийслэлийн төсвийн хөрөнгөөр тодорхой тооны гэрэлтүүлгийн ажлыг хийдэг. Гэр хороолол, орон сууц руу чиглэсэн ажлыг сүүлийн жилүүдэд тогтмол хийлээ. Энэ жилийн хувьд нийслэлийн төсвийн хөрөнгөөс хоёр тэрбум төгрөг зарцуулсан. Мөн дүүргийн хөгжлийн сангууд өөрсдөө гэрэлтүүлгийн ажлыг санаачлан хийж байна.

Хотоос зайдуу гэр хорооллын орчинд гэрэлтүүлэг ямар байгаа вэ?

Төвийн дөрвөн дүүрэгт гэрэлтүүлэг харьцангуй сайн байна. Харин Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн газар нутаг нь том, хүн ам нь тархаж суурьшсан учраас гэрэлтүүлгийн ажил хийж байгаа ч нийтийг хамарч чадахгүй байна. Оршин суугчдаас гэр хороолол гэрэлтүүлэг муутай, шөнө орой явахад хэцүү байна гэсэн гомдол ирдэг. Гэвч сүүлийн жилүүдэд хийж байгаа хөрөнгө оруулалтын 80 хувь нь гэр хороолол руу чиглэсэн.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *