Нийслэлийн удирдлагууд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг ААН-үүдийг хүлээн авч, “Зочин” уулзалтыг зохион байгууллаа.

Нийслэл Улаанбаатар хот үүсэж байгуулагдсаны 378 жилийн ойг угтан  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Их хотын хямдрал” нэгдсэн арга хэмжээг 5 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулах гэж байна. “Их хотын хямдрал-378” арга хэмжээний хүрээнд Нийслэлийн удирдлагууд Нийслэлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй томоохон ААН-үүдийн удирдлагыг  хүлээн авч уулзлаа.

Уулзалтанд Алтан тариа, Талх чихэр, Өгөөж чихэр боов ХХК, Сүү, АПУ ХК, гэх зэрэг хүнсний үйлдвэрүүд, Арьс ширний холбоо, Дархан нэхий ХК, Буян ХХК, Саммит компьютер технологи ХХК /PC mall сүлжээ дэлгүүр/, Некст электроникс /сүлжээ дэлгүүрүүд/  Номин тав трейд, Алтан жолоо трейд /Сансар сүлжээ/, Боса, Сонгинохангай ХХК /Миний дэлгүүр сүлжээ/  зэрэг сүлжээ дэлгүүрүүд, Арга билэг трейд /10000 нэрийн бараа/, Түшиг ХХК /Улаанбаатар их дэлгүүр/ гэх зэрэг томоохон худалдааны төв, их дэлгүүрүүд, Их монгол ХХК /Сохо тавилгын дэлгүүр/, Сэрж интернэшнл ХХК /Милая сүлжээ зоогийн газар/, Энзоко ХХК /Бродвей сүлжээ ресторан/, Номадс хоспиталити /Номадсын сүлжээ ресторан/ гэх зэрэг хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрууд, Хос шагай, Нью лайн /Парадокс/, Дипломат Баярмаа /Дипломат/ үсчин гоо сайхны салон зэрэг  нийт 58 аж ахуйн нэгжийн удирдлага оролцлоо.

Уулзалтын үеэр 2017.10.22-ны өдрөөс 29-ний өдрийг хүртэл 7 хоногийн турш бүтээгдэхүүн, үйлчилгээндээ тодорхой хямдрал, урамшуулал зарлаж, нийслэлийн иргэддээ бодитой бэлэг барихыг уриалсан “Уриалга”-ыг Нийслэлийн Засаг даргаас 72 аж ахуйн нэгжийн удирдлагад гардууллаа.

Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг төлөөлж Түшиг ХХК, Саммит компьютер технологи ХХК, Хос шагай, Нью лайн ХХК /Үсчин, гоо сайхны салон/  Ногоон сор ХХК /жимс жимсгэнэ, нарийн ногоо/ ХХК-ийн удирдлагууд үг хэлж, иргэдийнхээ төлөө нийслэлээс зохион байгуулж байгаа арга хэмжээг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Худалдаа, үйлчилгээний бүх цэг салбарыг хамардаг хямдралтай, урамшуулалтай, бэлэгтэй, худалдаа, үйлчилгээ нь эдийн засгийн хямралтай энэ үед иргэдэд санхүүгийн бодитой хэмнэлт болж чаддаг бөгөөд энэ арга хэмжээг нийслэлийн иргэд маань ихээхэн талархалтайгаар хүлээн авдаг билээ.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *