Нийслэлийн төлөөлөл нөөцийн цогц менежментийн Нэксус сургалтанд оролцлоо

ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны санхүүжилтээр хэрэгждэг GIZ–ийн “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: Хотын Нэксус” төслийн хүрээнд нөөцийн цогц менежментийн буюу Нэксус-ийн эхний сургалтыг Тайланд улсын Бангкок хотод 2017 оны 12-р сарын 11-12 өдрүүдэд зохион байгууллаа. GIZ-ийн Нэксус төслийн үйл ажиллагаа ус, эрчим хүч, хүнсний салбарыг хамарсан нөөцийн цогц менежментийг нэвтрүүлэхэд Азийн хотуудад техникийн дэмжлэг үзүүлэхэд чиглэгддэг.

Интерактив хэлбэрээр зохион байгуулсан эхний Нэксус сургалтанд төслийн түнш 4 улс, НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн Засаг Нийгмийн Хороо (UN ESCAP) болон ICLEI (Хойд болон Зүүн Хойд Ази) – Тогтвортой хөгжлийн төлөөх нутгийн захиргаад- олон улсын хотуудын холбооны нийт 24 төлөөлөл оролцсон.

Нексус сургалтын модулийг Германы Бонн дах Олон улсын хамтын ажиллагааны академи (AIZ),  түүний Бангкок дах (AIZ Bangkok Training Hub) салбартай хамтран 2016/2017 онд боловсруулсан бөгөөд цаашид голчлон бүс нутгийн улс орнуудын засгийн газар болон  хотуудын захиргааны ажилтнуудад зориулсан нөөцийн цогц менежментийн сургалтын модуль хэлбэрээр ашиглагдана. Мөн түүнчлэн мужийн түвшний захиргаад, хамтын ажиллагааны хэрэгжүүлэгч агентлаг болон олон улсын донор байгууллагууд сургалтанд хамрагдах боломжтой.

Сургалт нь үндсэн гурван модультай үүнд:

  1. Хотын Нэксус буюу нөөцийн цогц менежментийн хандлагыг глобал зорилтуудтай уялдуулах нь
  2. Хотын Нэксус хандлагад нийцсэн төсөл, хөтөлбөрийн төлөвлөлт ба хэрэжилт
  3. Хотын Нэксус ба засаглалын цар хүрээ

Сургалтын гол зорилго нь хүн амын өгцом өсөлт, хотжилт, түүнчлэн дэлхийн өмнө тулгарч буй глобал зорилтуудыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор ус, эрчим хүч ба хүнсний нөөцийн хангамжид цогц төлөвлөлт ба менежмент хэр ач холбогдолтойг ойлгуулахад оршино.

Хоёр өдрийн сургалт явуулахдаа оролцогчдын идэвхтэй оролцоог дэмжих зорилгоор интерактив аргачлал, тухайлбал тухайн сэдвээр презентаци хийж ойлголт өгөх, улмаар ажлын баг бүрдүүлэн модератор багшийн бэлтгэсэн асуултыг удирдлага болгон тухайн асуудлыг боловсруулж багийн ажлын үр дүнг танилцуулах хэлбэрээр зохион байгуулсан нь үр өгөөжтэй байсан.

Сургалтаар Хотын Нэксус-ийн талаар үндсэн ойлголт өгөхийн зэрэгцээ “циркуляр эдийн засаг” –ийн концепци, түүнийг глобал зорилтуудтай уялдуулах, төвлөрлийг сааруулах, нутгийн болон хотуудын захиргааны эрх мэдлийг нэмэгдүүлэх, ус, эрчим хүч, хүнсний нөөцийн хангамжийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд тустай инновацийн шинжтэй инженерийн шийдэл, дэд бүтцийн цогц төлөвлөлт, хэрэгжүүлэлтийн ашиг тус, тулгарч болох хүндрэл, сорилтууд, байгалийн нөөцийг үр ашигтайгаар  ашиглахад тустай эрх зүйн орчин, бодлого шийдвэр, засаглалын босоо болон хэвтээ бүтцийн уялдаа холбоог бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд тэсвэртэй хотуудыг (urban resilience) хөгжүүлэхэд иргэдийн оролцоог хангасан хот төлөвлөлтийн ач холбогдол зэрэг асуудлыг тухайн улс орон, нутгийн болон хотуудын онцлогт нийцүүлэн хэлэлцүүлсэн.

Түүнчлэн сургалтанд оролцогчид “дүрд тоглох” сургалтын хэлбэр, практикт ойр дасгал хийх замаар тухайн үйл явдалд оролцогчид салбар дундын тулгамдсан асуудлыг олж тодорхойлох, хамтын ажиллагааны ашиг тусыг илрүүлэх, эрх мэдлийн болон техникийн холбогдолтой ямар асуудлууд хөндөгддөг, аливаа байгууллагын үйл ажиллагаа, ажил үйлчилгээний чанар, үр өгөөжийг хэрхэн дээшлүүлэх, нөөц ашиглалтанд үзүүлж буй циркуляр эдийн засгийн  эерэг нөлөө, эцэст нь цогц төлөвлөлтийн зарчмыг баримтласнаар харилцан уялдаагүй хөрөнгө оруулалт, хүчин чадлын бүрэн ашиглалтгүй дэд бүтэц бий болохоос хэрхэн зайлс хийх, эдгээр нь тогтвортой хөгжлийн бодлого, уур амьсгалын өөрчлөлт зэрэг глобал асуудлуудтай хэрхэн уялдаж байгаа талаар ойлголт авч суралцах болно.

Сургалтын төгсгөлд GIZ Хотын Нэксус төслийн захирал хатагтай Рут Эрлбек сургалтанд идэвхитэй оролцож амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж сургалтанд оролцогчдод сертификат гардуулсан.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *