Угсармал орон сууцыг дулаалснаар эрчим хүч хэмнэнэ

Дулаан хэмнэснээр шинэ хороолол, айл өрхийг эрчим хүчээр хангах боломжтой
“Угсармал орон сууцны дулаан, техникийн шинэчлэл”-ийн төслийг хэрэгжүүлэх ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба өнгөрсөн оноос эхлэн хариуцаж буй. Энэ талаар тус ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн С.Даваанямаас тодрууллаа.

-“Угсармал орон сууцны дулаан, техникийн шинэчлэл”-ийн төслийг хэрэгжүүлэх ажил явц ямар шатанд байна вэ?
-Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу уг төслийн ерөнхий хэрэгжүүлэгчээр НОСК (Нийслэлийн орон сууцны корпораци) ажиллаж байсан боловч өнгөрсөн жилээс манай ажлын алба хариуцахаар болсон. Ингэснээр гацаанд ороод байсан төслийн үйл явц сэргэж, урагшилж эхэлсэн. Төслийн хүрээнд эхний ээлжинд “Монгол базальт” компанитай хамтран ажиллаж байна. Тус компани өөрийн хөрөнгөөр ерөнхий ажлын зураг төслийг боловсруулж, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд байрлах таван давхар угсармал орон сууцны дулаалгыг ирэх хавраас хийж эхлэхээр төлөвлөсөн. Одоогоор уг төсөл нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хянагдаж, батлагдах шатандаа байна.

-Төслийн хүрээнд хэчнээн угсармал орон сууцыг дулаалахаар төлөвлөсөн бэ?

-Нийслэлийн хэмжээнд 1077 блок угсармал орон сууц бий. Эдгээр орон сууцанд 45462 өрх оршин суудаг гэсэн тооцоо гарсан. “Угсармал орон сууцны дулаан, техникийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлэхийн тулд газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээтэй байх шаардлагатай. Нийслэлийн Хот төлөвлөлтийн ерөнхий газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсээс энэ ажлыг гүйцэтгэдэг. Одоогоор 148 барилгад үнэлгээ хийгдээд байна.

-Үнэлгээний үр дүнгийн талаар дэлгэрүүлэхгүй юу?

-88 барилга газар хөдлөлтөд тэсвэртэй, харин дөрвөн барилга огт тэсвэргүй нь тогтоогдсон бол үлдсэн 56 барилгыг хүчитгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гараагүй байна.

-Ер нь энэ төслийн үр дүнг хэрхэн харж байгаа вэ?

-Бид “Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага”-тай хамтран эрчим хүчний аудитыг Баянгол дүүргийн тав, ес болон 12 давхар угсармал орон сууцнаас тус бүр нэгийг сонгож, зураг төслийн ажил болон эрчим хүчний аудит хийсэн. Эрчим хүчний аудитын дүгнэлт, ажлын жишиг зураг болон газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээтэй болсноор “Уур амьсгалын ногоон сан” зэрэг олон улсын байгууллагад төслөө бүрэн хэмжээнд танилцуулж, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлд хамрагдах зэргээр тодорхой хэмжээний санхүүжилт босгох боломжтой.

-Угсармал орон сууцны дулаан алдагдлыг багасгаснаар хэр хэмжээний эрчим хүч хэмнэх урьдчилсан тооцоо гаргасан уу?

-Төсөл маань амжилттай хэрэгжвэл эрчим хүч хангалттай хэмжээнд хэмнэгдэнэ. 1077 блок угсармал орон сууцыг дулаалснаар 70,65 гкал/цаг дулаан хэмнэнэ гэсэн тооцоо гарсан. Гэтэл ДЦС II-оос 65 Гкал/цаг дулаан нийлүүлдэг. Тэгэхээр хэмнэсэн дулаан маань шинэ хороолол, айл өрхийг эрчим хүчээр хангах эх үүсвэрийг бүрдүүлнэ гэсэн үг.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин 2018.01.10

 

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *