Нөөцийн цогц менежментийн болон сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг хамтран зохион байгууллаа

Нөөцийн цогц менежмент (Urban Nexus training) болон хотжилтын тулгамдсан асуудлуудад дүн шинжилгээ хийх арга зүй, аргачлал танилцуулах семинарыг 2018 оны 5 дугаар сарын 8-11 өдрүүдэд Туушинд зочид буудалд зохион байгууллаа. Сургалтын эхний хоёр өдөр глобаль зорилтуудад суурилагдсан нөөцийн цогц менежментийн модульчилсан сургалт хийсэн бол сүүлийн хоёр өдөр  сургагч багш нарыг бэлтгэх сургалт хийж цаашид нөөцийн цогц менежментийн аргачлалыг бие даан зааж сургах мэдлэг чадвар олгосон.

Нөөцийн цогц менежментийн сургалтанд салбарын яам, агентлаг, нийслэлийн харьяа байгууллага, олон улсын байгууллага болон мэргэжлийн холбоод зэрэг байгууллагын 40 орчим төлөөлөл оролцов. Түүнчлэн сургагч багш нарын сургалтанд 16 хүн хамрагдсан.

Нөөцийн цогц менежмент буюу Хотын Нэксус сургалт болон сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны санхүүжилтээр хэрэгжүүлж буй GIZ-ийн “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: Хотын Нэксус” төслийн хүрээнд Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газартай (ҮХГ) хамтран зохион байгуулсан. Сургалтыг ХБНГУ-ын Denkmodell GmbH байгууллагын  хоёр сургагч багш хөтлөн явуулсан.

Энэ сургалт нь GIZ-ийн Хотын Нэксус төсөл, ҮХГ-ын хамтын ажиллагааны эхлэлийг тавьж хоёр талын хамтын ажиллагааг улам идэвхжүүлснээр Монгол Улсын эдийн засаг, нийгмийн болон байгаль орчны тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлнэ.

Семинарыг нээж хэлсэн үгэндээ ҮХГ-ын дарга Б.Баярсайхан болон ХБНГУ-ын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Др. Гласс нар ҮХГ болон GIZ хамтын ажиллагааны ач холбогдлыг өндөрөөр үнэлсэн. Энэ нь уламжлалт хамтын ажиллагаанд суурилсан төдийгүй Монгол улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулж Тогтвортой хөгжлийн зорилтууд (SDG), уур амьгалын өөрчлөлтөнд оруулах хувь нэмрийг (NDC) нөөцийн цогц менежментийн аргачлалтай хослуулах нь чухал болохыг тэмдэглэсэн.

Нөөцийн цогц менежментийн сургалтаар ус, эрчим хүч, хүнсний нөөцийн цогц менежмент, эдгээр нөөцийн хоорондын хамаарал, хангамжийн найдвартай байдлыг хангах, Тогтвортой хөгжлийн 2030 зорилтонд хэрхэн нөлөөлөх, түүнчлэн циркуляр эдийн засгийн загварын ач холбогдлыг танилцуулсан. Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилт, одоогийн нөхцөл байдал, хэрэгжилтийн талаар ҮХГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Должинсүрэн танилцуулсан.

Интерактив сургалтаар тулгамдсан асуудалд дүн шинжилгээ хийх зорилгоор Улаанбаатар хотод буй 5-6 тулгамдсан асуудал, тухайлбал ундны усны нөөцийн хомсдол, бохир ус, ариун цэврийн байгууламж, агаар орчны бохирдол, эрчим хүчний хангамж, хүчин чадлын дутагдал, хот байгуулалт, төлөвлөлт, гэр хороололын зэрэг асуудлыг сонгосон. Улмаар эдгээр асуудалд үндэслэн оролцогчдыг багуудад хувааж хүн бүрийн оролцоотойгоор тус бүрээр нь задлан шинжилсэн. Ингэхийн тулд тэднийг дүн шинжилгээний арга зүй, аргачлалаар хангаж тухайн хот суурин газрын тулгамдсан асуудлыг авч үзэхдээ босоо болон хэвтээ институци, салбар дундын хамтын ажиллагааг чухалчилсан.

Түүнчлэн оролцогчид тухайн асуудалд хамаарал бүхий оролцогч талуудыг хэрхэн тодруулж засаглал, салбар дундын хамтын ажиллагаа, техникийн хүчин зүйлсийн харилцан хамаарлаас гарах ашиг тусыг хэрхэн нэмэгдүүлэх (synergy), институцийн гүйцэтгэлийн чадамж, үйлчилгээний чанарыг сайжруулах, улмаар циркуляр эдийн засгийн суурин дээр нөөцийн үр ашгийг хэрхэн нэмэгдүүлж болохыг сургасан. Цаашилбал, оролцогчдод зохицуулалт муутай хөрөнгө оруулалт, ашиглалт багатай дэд бүтцээс зайлсхийхэд цогц төлөвлөлтийн ашиг тус болон дэлхийн тулгамдсан асуудалд хотуудын гүйцэтгэх үүрэг ролийн талаар цэгцтэй ойлголт өгсөн.

Сүүлийн хоёр өдрийн сургалтаар оролцогчид сайн сургагч багш болоход юу шаардлагатай талаар сурч мэдсэн. Тухайлбал сургалт зохион байгуулах арга техникийн талаар мэдлэгтэй болж багийн хэлэлцүүлгийн амжилттай хөтлөхөд тустай үйл хөдлөл, идэвхтэй сонсох зэрэг ур чадварыг эзэмшсэн. Тэд мөн дүрсжүүлэх арга техник, асуудлыг шийдвэрлэх, хүндрэлтэй байдлаас хэрхэн гарах талаар заавар, зөвлөгөө авсан.

Сургалт нь зөвхөн нэг удаагийнх бус харин цаашид сургагч багш нараар дамжуулан  нөөцийн цогц менежментийн сургалтыг дэлгэрүүлэх зорилготой юм.

Оролцогчид сургалтын талаар сайн үнэлгээ өгч олж авсан мэдлэг ур чадвар нь тэдний өдөр тутмын ажилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг илэрхийлсэн.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *