Өгөөмөр өдөр арга хэмжээнд 10000 гаруй хүн оролцлоо

Хог хаягдлыг эх үүсвэр дээр бууруулах чиглэлээр иргэдэд ойлголт өгөх, хэрэглээний зөв дадал зуршлыг төлөвшүүлэх, хог хаягдал болох байсан эд зүйлсийг хог хаягдал болгохгүйгээр амьдралын мөчлөгийг уртасгаж, дахин ашиглуулах зорилгоор Өөрт хэрэглэхгүй байгаа эд зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгцгөөе уриан дор “Өгөөмөр өдөр” өдөрлөгийг 2018 оны 6-р сарын 09-ний Бямба гаригт 11:00 цагаас 17:00 цагийн хооронд нийслэлийн 9 дүүрэгт зохион байгууллаа.

Өдөрлөгт нийслэлийн харьяа газар, агентлаг, дүүргүүдийн дэргэдэх хэлтэс албадын албан хаагчид болон нийслэлийн иргэд гэртээ хэрэглэхгүй хадгалж байсан ном, сэтгүүл, гэр ахуйн цахилгаа бараа, эд зүйлс, сувинер, гоёл чимэглэл, хувцас гутал цүнх гэх мэт зүйлсийг авч ирэн хэрэгтэй хүмүүст нь хандивлаж, хямд үнээр худалдаалж, өөрт хэрэгтэй зүйлээр солилцож оролцлоо. Дүүргүүдийн урьдчилсан дүнгээр 9 дүүргийн өдөрлөгт 10000 гаруй хүн оролцсон байна. Уг өдөрлөг нь олон улсад тогтмол зохион байгуулагдаж хэвшсэн байдаг бөгөөд Нийслэлд төдийгүй Монгол улсад өргөн хэмжээгээр анх удаа зохион байгуулагдсанаараа ач холбогдлоо өгсөн гэж үзэж байна.

Энэхүү өдөрлөгийг иргэд ихээр таашааж хүлээж авсан бөгөөд өөрт хэрэгтэй зүйлээ маш хямд үнээр олж авлаа, үнэгүй авлаа, солилцлоо гэх мэтээр сэтгэгдлээ хэлж байсан бөгөөд дахин энэ өдөрлөгийг хэзээ зохион байгуулах, цаашид тогтмол зохион байгуулж байх хүсэлтийг дүүрэг бүрийн зохион байгуулагч нарт хандан хэлж байлаа

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *