Иргэдийн дунд “Эрүүл, аюулгүй, амар тайван орчин” сэдэвт уулзалт-хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Монгол улсын хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг Нийслэл хотын оршин суугч, иргэдийн ая тух, аюулгүй байдлыг хангах зорилгоор Нийслэлээс 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил”  болгон зарласан бөгөөд энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн Цагдаагийн газар, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран “Эрүүл, аюулгүй, амар тайван орчин” сэдэвт уулзалт-хэлэлцүүлгийг Баянзүрх дүүргийн 1,3,7 дугаар хорооны иргэд, оршин суугчдын дунд зохион байгууллаа.

Уулзалт хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Д.Оюунболор, Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр, Нийслэлийн Цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга Ш.Батболд, Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Г.Атармаа, Э.Ганчимэг нэр оролцож худалдаа, үйлчилгээний салбарын хөгжлийг дэмжих болон тохижилт, бүтээн байгуулалт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэл, дүүргээс  баримталж буй бодлого, хийж хэрэгжүүлж буй ажлыг танилцууллаа.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/609 дүгээр захирамжаар баар цэнгээний газрын ажиллах цагийн хязгаарыг 04:00 цагаар тогтоосон нь ая тух, аюулгүй байдлыг нь алдагдуулж байгаа талаар иргэдээс олон тооны гомдол,  хүний эрүүл мэнд, халдашгүй байдлын эсрэг согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг өсөхөд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа талаар цагдаагийн байгууллагаас удаа дараа  мэдээлэл ирж байгаа тул цагийн хязгаарыг хэрхэн тогтоох талаар иргэдийн саналыг сонсож, санал асуулгын хуудсаар санал авлаа.

Уулзалт хэлэлцүүлэгт нийт 98 хүн оролцсоноос 90 % нь одоо мөрдөгдөж байгаа цагийн хуваарьт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн бол 84 % нь баар цэнгээний газрууд  04:00 цаг хүртэл ажиллаж байгаа нь ая тух алдагдуулж, дуу чимээ ихтэйгээс амарч чадахгүй байна гэсэн байна. Мөн 95 хувь нь нийтийн орон сууцанд үйл ажиллагаа явуулж байгаа баар цэнгээний газрыг 00:00 цагаас хэтрүүлэхгүйгээр хаах санал өгч, 84 хувь нь зориулалтын тусдаа байртай  байсан ч 00:00 цагт хаах хэрэгтэй гэж үзсэн, 14 хувь нь л зориулалтын байртай газрууд 04:00 цаг хүртэл ажиллаж болох юм гэж үзсэн байна.

Харин 49 % нь хүнсний дэлгүүрүүдийг 22:00 цагт хаахад болно, 49 % нь 00:00 цагт хаавал зүгээр гэж үзсэн байна.

Аялал жуулчлалтай холбоотойгоор цагийн хуваарийг өвөл, зуны ялгавартайгаар тогтоох шаардлагатай юу гэсэн асуултанд 65 хувь нь “шаардлагатай” гэсэн хариулт өгсөн байна.

Цагийн хуваарьт өөрчлөлт оруулахтай холбогдуулан өмнө нь энэ оны 05 дугаар сард 9 дүүрэг тус бүр дээр иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, албаны сайтаар санал асуулга авсан бөгөөд хэлэлцүүлэгт оролцсон 2706 аж ахуйн нэжг, иргэний  72.4 хувь нь буюу 1912 хүн  одоогийн цагийн хуваарийг дэмжсэн, 27,3 хувь буюу 740 хүн дэмжээгүй. Харин сайтаар авсан санал асуулгад 637 хүн оролцсоноос 11.6 хувь нь одоогийн цагийн хуваарийг дэмжсэн, 88.4 хувь нь дэмжээгүй буюу согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудыг шөнийн 00:00 цагаас хэтрүүлэхгүйгээр хаах санал өгсөн.

Иргэдийн ая тух аюулгүй байдлыг хангах, төр захиргааны шийдвэрт тэдний санаа бодлыг тусгах ажлын хүрээнд хэлэлцүүлгүүдийг бусад дүүргүүдэд үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байна.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *