Энэ жилийн “Сайхан айраг”-аар Төв аймгийн Борнуур сумын малчин Н.Ганболдын исгэсэн айраг шалгарлаа

Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр монголын уламжлалт исэг цагаан идээ болох айрагны соёл, ахуй заншил, тоглоом наадгай, зан үйлийг наадамчин олон болон гадаадын аялагч, жуулчдад сурталчлан таниулах, цаашид наадмын томоохон эвент арга хэмжээ, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох зорилгоор “Хөхүүрийн айраг” наадмыг хоёрдахь жилдээ буюу 2018 оны 07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд  “Айрагны нутгаар” ТББ, МУШУА-ийн Түүх, археологийн Соёлын өвийн төв, “Байгаль соёлын өвийг хамгаалах сан” ТББ, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, СУИС, Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ-тай хамтран Хүй долоон худагт зохион байгууллаа.

Энэхүү наадам нь хөхүүрийн шилдэг айргыг шалгаруулж ардын уламжлалт ёс, зан үйлийг сэргээх, Үндэсний уламжлалт баяр наадмыг ёслол төгөлдөр, өргөн дэлгэр болгох, ард түмэнд соёлын өв, уламжлалт мэдлэг арга ухааныг дэлгэрүүлэх, хөхүүрт айраг исгэж хэрэглэдэг уламжлалт арга, ёсыг сэргээн хөгжүүлэх ач холбогдолтой болно.

Уг наадамд Өвөрхангай аймгаас Д.Гүндэгмаа, С.Батжаргал, Ж.Батнасан, Т.Ганбат, Архангай аймгаас О.Баяндэлгэр, Г.Отгонбаатар, Д.Энхбаяр, Г.Энхбаатар, Ц.Жамбадамба, Булган аймгаас Т.Пагмадулам, Д.Ганзориг, Төв аймгаас Н.Ганболд, С.Бямбанайдан нар оролцож нийт 4 аймгийн 8 сумаас 13 малчид уламжлалт аргаар хөхүүрт исгэсэн айргаараа оролцсоноос гадна, айрагтай холбоотой соёл, уртын дуу, магтаал, ерөөл, зан үйлийг наадамчин олонд танилцууллаа.

Наадмын үеэр “Сайхан айраг”, “Шилдэг хөхүүр”, “Шилдэг гэр”-ийг I, II, III байраар шалгаруулж цом, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

“Сайхан айраг”-аар Төв аймгийн Борнуур сумын малчин Н.Ганболдын исгэсэн айраг шалгарсан бол II байранд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын малчин Ж.Батнасан, III байранд Архангай аймгийн Хайрхан сумын малчин Г.Отгонбаатар, тусгай байранд Булган аймгийн Сайхан сумын малчин Д.Ганзоригын исгэсэн айраг шалгарлаа.

“Шилдэг гэр” номинацийн I байранд Архангай аймгийн Хотонт сумын малчин Д.Энхбаяр, II байранд Өвөрхангай аймгийн Бүрд сумын малчин С.Батжаргал, III байранд Төв аймгийн Алтанбулаг сумын малчин С.Бямбанайдан, “Шилдэг хөхүүр” номинацийн I байранд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын малчин Д.Гүндэгмаа, II байранд  Архангай аймгийн Хайрхан сумын малчин Г.Отгонбаатар, III байранд Архангай аймгийн Хотонт сумын малчин Д.Энхбаярын хөхүүр тус тус шалгарлаа.

Мөн хөдөө орон нутгийн оролцогч болон наадамчин олны дунд дэмбээний тэмцээнийг 2 удаа зохион байгуулж Төв аймгийн иргэн Я.Мөнхжаргал, Архангай аймгийн иргэн Г.Ганбат нар түрүүлж, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Монголын үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтран 07 дугаар сарын 11-ны өдөр 3 удаагийн мэдээ, 2 удаагийн шууд нэвтрүүлэг бэлтгэн иргэд, олон нийтэд хүргэсэн ба наадмын 2 дахь өдөр хөдөө орон нутгаас оролцож буй иргэдийн дунд ардын урлагын тоглолт зохион байгуулж наадамчин олонд сонордуулсан.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *