Манай хороо-миний гудамж аяны хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа

Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жилийн хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/44 дүгээр тушаалаар “Манай хороо миний гудамж аян”-ыг 02 дугаар сараас эхлэн зохион байгуулж, нийслэлд ажлын хэсэг, дүүргүүдэд Засаг даргын захирамжаар дэд ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байгаа билээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, тохижилт, ногоон байгууламж, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулах, ажлын шинэ санал санаачлагыг дэмжих, хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх замаар иргэдийн ая тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцлийг хангуулахад энэхүү аяны зорилго оршиж байгаа юм.

Хотын Ерөнхий менежерийн баталсан удирдамжийн дагуу нийслэлийн ажлын хэсгийн бүрэлдэхүүн сар бүр дүүрэгт 1-ээс доошгүй удаа ажиллах хуваарьтай бөгөөд Сонгинохайрхан дүүргийн ажлын хэсэг энэ удаа дүүргийн ЗДТГ-ыг буюу “Шилдэг тохижилттой дүүрэг” шалгаруулах 24 шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаж, үнэлгээ дүгнэлт өгч ажиллалаа.

Сонгинохайрхан дүүргийг Аудит, дотоод хяналтын хэлтсийн дарга Ц.Рэгзэдмаа хариуцан ажиллаж, бүрэлдэхүүнд УБЗАА-ны Тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтэс, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс болон НМХГ, НХБЕТГ, НӨХГ, Хот нийтийн аж ахуйн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт хэрэгжүүлж буй төрийн бус байгууллагуудын төлөөлөл ажиллаж байна.

Ажлын хэсгээс Дүүргийг дүгнэх үнэлгээ дүгнэлтийн хуудас, хамаарах асуудлын агуулгыг үзүүлэлт бүрээр нарийвчлан гаргаж, үнэлж дүгнэсэн ба Дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан дэд ажлын хэсгийн ахлагч, Дүүргийн Засаг даргын орлогч О.Ганбаатар, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс дүүрэгт хэрэгжүүлж буй ажлаа шалгуур үзүүлэлт бүрийн дагуу бэлтгэж, танилцуулсан. 

Тус дүүрэгт улс, нийслэл, дүүргийн төсөв, хөрөнгө оруулалтаар нийт 90 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаагаас “Улс, нийслэлийн төсөв”-өөр тохижилтын чиглэлээр 10, зам засварын 6, авто зогсоол 3, барилга засвар 1, дэд бүтцийн 4, гудамжны камержуулалт 5 ажил хэрэгжиж байгаа бол “Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө”-өөр тохижилтын 27, гэрэлтүүлгийн 7, камержуулалтын 7, бараа материалын 6, дэд бүтцийн 11 ажил хэрэгжиж байгаа ба нийслэл, дүүргийн төсвөөр нийт 2 тэрбум 69 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий ажил хэрэгжиж байгаа талаар танилцууллаа.

Аяны хүрээнд дүүргийн болон ОНХС-ийн хөрөнгөөр 3 байршилд 30 камержуулалт хийж, 3 байршилд  явган хүний шат, тоглоомын талбайн засвар, автобусны буудлын тохижилт хийгдсэн байна.

Дүүрэгт аяны хүрээнд 2018 онд 15,360 ширхэг мод бут сөөг шинээр тарьж  өмнөх оноос 440 -ээр нэмэгдсэн байна.

Тус дүүргээс стандарт шаардлага хангахгүй 19 хаяг, хаягийн байгууламж, зөвшөөрөлгүй 49 ТҮЦ-нээс 25ш-ийг албадан буулгаж, орчныг нь хамгаалалтад авч, 17 байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу зам хийх үүрэг даалгавар өгч, хэрэгжилтийг хангуулсан, мөн 6794 айл өрхийн 4709 жорлон, 4174 бохирын цооног, 23,310 талбайг ариутгаж халдваргүйтүүлсэн зэрэг үр дүнд чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлжээ.

Түүнчлэн ажлын хэсгээс аянд идэвхи санаачлагатай оролцож байгаа 10-р хорооны иргэн н.Цогт-Очирын “Шилдэг өрх шалгаруулах үзүүлэлт”-ийн дагуу хэрэгжүүлж буй тохижилт, бүтээн байгуулалтын ажилтай, мөн 13-р хорооноос хэрэгжүүлж буй ажилтай танилцаж, цаашид сайжруулах зарим асуудал дээр зөвлөмж чиглэл өгч ажиллалаа.

СХД-ийн 10-р хорооны иргэн н.Цогт-Очир нь Шилдэг өрх шалгаруулах 14  үзүүлэлтийн дагуу бэлтгэж, 12,0 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хувиасаа шийдвэрлэж, орчноо тохижуулан ая тухтай, эрүүл орчинд ажиллаж амьдрах нөхцлөө бүрдүүлсэн байх ба иргэний үүргээ зохих ёсоор биелүүлж байгаа нь сайшаалтай байлаа. Тэрээр халаалтыг цахилгаанаар, 00-г бохирын цооногоор шийдвэрлэж, камержуулалт, ногоон байгууламж, мониментал бүхий жижиг байгууламж, бичил тохижилт, сүүдрэвч, хатуу хучилттай асфальт талбайтай болсон байна.

Ажлын хэсгээс дээрх ажлуудтай танилцаж, Дүүргийн үйл ажиллагааг үнэлж дүгнэсний зэрэгцээ төлөвлөсөн ажлуудыг эрчимжүүлэх, ажлаа бүрэн зөв тайлагнаж, сурталчилж ажиллах чиглэлээр тодорхой үүрэг чиглэл өгч ажиллалаа.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *