Германы хог шатаах үйлдвэр, хог хаягдлын менежментийн тэргүүн туршлага, технологитой танилцлаа

2018 оны 10 дугаар сарын 21-28 өдрүүдэд ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны санхүүжилтээр Улаанбаатар хотын захиргаатай хамтран хэрэгжүүлж буй GIZ-ийн “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: Хотын Нэксус” төслийн хүрээнд хог хаягдлын менежмент, хог шатаах үйлдвэрийн технологитой танилцах, туршлага судлах арга хэмжээг Герман улсад зохион байгууллаа.

GIZ-ийн тус төсөл ус, эрчим хүч, хүнсний нөөцийн цогц менежмент, хатуу хог хаягдал,  бохир усны менежментийг нэвтрүүлэх, хангамжийн найдвартай байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглээр Азийн хотуудын чадавхийг бэхжүүлэх техник туслалцааны төсөл юм.

Энэ аялалыг Монгол улсын Үндэсний хөгжлийн газрын хүсэлтээр зохион байгуулсан бөгөөд тус газрын болон нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 5 мэргэжилтэн оролцлоо.

Хог хаягдал нь том хотуудын нэн тулгамдсан асуудал бөгөөд түүнийг ангилан ялгах, дахин боловсруулж эргүүлэн ашиглах, тэр дундаа хогноос эрчим хүч гаргах асуудал улам бүр ач холбогдолтой болж байна. Сүүлийн жилүүдэд хог хаягдлыг хогийн цэгт булах уламжлалт аргааас дэлхий нийтээр татгалзаж хогийг боловсруулж эргүүлэн ашиглах, хогноос эрчим хүч гаргах хандлага давамгайлах болжээ. Тухайлбал ХБНГУ зэрэг улс орнууд бодлогын түвшинд 2030 он гэхэд ландфил буюу хогоо дарж булах хогийн төвлөрсөн цэгүүдээс бүрэн татгалзах зорилт тавьсан байна. Одоо байгаа ландфилд ахуйн хог хаягдал авахаа больсон байна. Энэ нь хогоо багасгах, дахин боловсруулах, мөн шатааж эрчим хүч гаргах менежментийн арга руу шилжих чухал ач холбогдолтой бөгөөд эдийн засгийн хувьд ашигтай болсныг харуулж байна.

Энэ хандлагаас хоцрохгүйн тулд нийслэл Улаанбаатар хот ч гэсэн хог хаягдлын чиглэлээр олон арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний нэг нь ойрын хугацаанд хог шатаах үйлдвэр барих асуудал бөгөөд энэ чиглэлээр Герман улсын тэргүүн туршлагаас судалж өөрийн орны нөхцөлд тохирсон арга технологийг сонгох нь энэ аялалын нэг зорилт байлаа.

Аялын хүрээнд Берлин болон Дрезден хотын хог хаягдлын менежмент, тогтолцоо, санхүүжилттэй танилцсан. Тухайлбал хог ангилан ялгах Otto-Rüdiger Schulze GmbH хувийн хэвшлийн компанид зочилж үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан. Берлин хотын 4 томд ордог энэ компани нь барилгын болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг ангилан боловсруулж  гаргасан түлшийг өөрийн хог шатаах үйлдвэр болон цементийн үйлдвэрт нийлүүлдэг. Хог боловсруулах үйлдвэр нь орчиндоо ямар нэгэн эвгүй үнэр гаргуулахгуйн тулд үйлдвэрийн бохир агаарыг био шүүлтүүрээр шүүж цэвэршүүлдэг технологи нэвтрүүлсэн байна. Мөн  барилгын хуванцар хаягдлыг дахин боловсруулж хуванцар бүтээгдэхүүнийн үйлдвэрүүдэд түүхий эд болгон нийлүүлдэг байна. Энэ компанид хог нийлүүлж буй гэрээт байгууллагуудаас 1тн хогны төлбөрт 120 орчим Евро-ийн төлбөр авдаг бол харин эсрэгээр гаргасан авсан түлшээ цементийн үйлдвэрт нийлүүлэхдээ нэг тонн түлшинд 60 орчим Евро-ийн төлбөр төлдөг байна. Мөн өөрийн хогны машинаар хогоо цуглуулдаг ба модон материал, хуванцар хог хаягдлыг боловсруулж түлш гарган өөрийн 5.5 МВт-ын хог шатаах үйлдвэрт нийлүүлж эрчим хүч гарган авдаг. Хог шатаах үйлдвэрийн хувьд агаар бохирдуулагчийн болон байгаль орчны талаар тавигдах шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд барих, ашиглах зөвшөөрөл олгодог ажээ. Санхүүжилтийн хувьд хог боловсруулах үйлдвэрүүд улсаас ямар нэгэн татаас авдаггүй бөгөөд үнэ тариф, бүтээгдэхүүний үнэ зах зээлийн  буюу эрэл хэрэгцээний зарчмаар зохицуулагддаг байна.

Мөн Захсэн мужийн төв Дрезден хотод Veolia Umweltservice Ost GmbH болон хот цэвэрлэгээний Stadtreiningung Dresden GmbH компанид зочилж хог хаягдлын менежменттэй танилцав. Тухайлбал  Veolia Umweltservice Ost GmbH компани нь бүх төрлийн цаас, картон, хуванцар сав, баглаа боодлыг ангилан боловсруулж үйлдвэрийн түүхий эд болгон нийлүүлдэг байна. Автомат болон гараар ангилан ялгах орчин үеийн үйлдвэр нь Герман улсад 1991 оноос нэвтрүүлсэн бүх төрлийн сав баглаа боодлыг хаягдлыг цуглуулж ангилан ялгаж эргүүлэн ашиглах тогтолцооны нэг хэсэг бөгөөд үүнд мөн орон сууцны хогийн цэгт буй “шар” (хуванцар болон метал хог хаягдал) болон “хөх” (зөвхөн цаас картоон хаягдал) саванд цугларсан хогийг энд хүлээн авч боловсруулдаг байна. Мөн 1994 оноос бүх төрлийн ахуйн хог хаягдлыг ангилан ялгах журам батлагдсан. Журмын дагуу 2005 оноос Герман улсад ямар нэгэн боловсруулалтанд ороогүй хог хаягдлыг хогийн цэгт хаяхыг авахыг хориглосон байна.

Мөн овор хэмжээ ихтэй цахилгаан бараа, ашигласан батарэй, машины дугуй зэрэг аюултай хог, хуучин хувцас зэрэг зүйлийг иргэд хот цэвэрлээгийн компаний (манайхаар бол хотын харьяа Тохижилт үйлчилгээний компани/ТҮК) тусгайлан байгуулсан хогийн цэгт төлбөргүйгээр тушаадаг тогтолцоотой ба хогийг тус тусын зориулалтын контейнэрт хийдэг байна. Хогийг ангилан ялгаж хаягүй эсвэл зориулалтын бус газар хаясан тохиолдолд торгуультай ажээ.

Мөн тус мужийн хог хаягдлын менежмент, санхүүжилтийн тогтолцооны талаар зөвлөх үйлчилгээ, ТЭЗҮ боловсруудлаг INTECUS GmbH компани дээр танилцуулга хийсэн. INTECUS компаний мэргэжилтэн ноён Райхэнбах хэлэхдээ “Дрезден хот нь нэг хүнд ноогдох хогний хэмжээ болон хог дахин боловсруулах хэмжээний хувьд Герман улсад тэргүүлэх түвшинд бөгөөд биолог механикийн хог боловсруулах тогтолцоог буюу хогийг компостлон боловсруулах аргыг нэвтрүүлсэн” нь онцлог гэжээ. Бусад хотуудын хувьд үндсэндээ ангилан ялгахгүйгээр хогоо шатаах тогтолцоонд шилжсэн байна. Хог хаягдлын салбарын санхүүжилтийн тогтолцоо нь хогны хураамж дээр тогтдог ба хуулиар  зохицуулагддаг. Хураамжийн хувьд 4 зарчим үйлчилнэ. 1-р зарчим: хог гаргаж буй этгээд болгон төлбөр төлнө. 2-р зарчим: хураамж нь үйл ажиллагааны зардлыг хааж байх ёстой. 3-р зарчим: хогны хураамжийг бусад зүйлд зарцуулах ёсгүй. 4-р зарчим: хог аль болох гаргуулахгүй байх, дахин боловсруулалтыг дэмжих ёстой.

Герман улсад хогны хураамжийг үндсэнд нь тогтмол болон хувьсах гэж хоёр ангилдаг. Хувьсах хураамж нь дотроо үндсэн болон үйлчилгээний хэмжээнээс (жишээ нь, хог ачилтын тоо, хогны тоо хэмжээ) хамаарах хувьсах хэсэгтэй. Хогны хураамж буюу төлбөр тогтоох асуудал хотын өөрийнх нь эрх мэдлийн асуудал бөгөөд өөрт тохирох хураамжийн хэлбэрийг сонгодог байна. Хяналтын тогтолцооны хувьд Дрездэн хотод хогны сав болгонд алсын зайнаас унших цахим чийп суулгаж өгснөөр хог ачих тоогоор төлбөр төлөх системтэй болсон байна. Сонирхуулахад Дрезден хотын иргэд хогны төлбөрт жилд дунджаар 58.80 Евро буюу 170 000 орчим төгрөг төлдөг ба энэ нь Герман улсдаа доогуурт ордог. Харьцуулахад энэ өртөг нь нэг иргэний жилийн нийтийн тээвэрт зориулдаг зардлаас 5-6 дахин бага юм байна.

Хог шатаах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцахаар Премниц хотод EEW Energy from Waste GmbH компанид зочилсон. Энэ компани нь Герман улсад 18 хог шатаах үйлдвэртэй бөгөөд энэ салбартаа Герман улсад хамгийн томд тооцогддог ба жилдээ нийт 4.5 сая тонн хог шатаадаг юм байна. Мөн хэд хэдэн хог шатаах үйлдвэрийг шинээр барих, өргөтгөн шинэчлэхээр төлөвлөсөн. Премниц хотод буй үйлдвэр нь жилдээ 200,000 тонн хог шатааж хот болон аж үйлдвэрийн паркийг төвлөрсөн уурын дулаан, цахилгаанаар хангадаг. Хог шатаах 2 шугамтай ба 2010 онд байгуулсан хуйлруулан шатаах технологитой үйлдвэр нь жилд 80,000 тн хог шатаах ба хогийг урьдчилан жижиглэсэн  хогны нунтагаар зуухаа галладаг байна. Хогийг нунтаглан боловсруулахад зардал өндөр бөгөөд технологийн хувьд нарийн ажиллагаа шаарддаг тул энэ технологоос цаашид татгалзахаар төлөвлөжээ. Хог шатаах явцад гардаг утааг цэвэршүүлэхэд өндөр технологийн фильтр ашигладаг ба Европын холбооны Германы журам зааврын дагуу утааны хэмжилт тогтмол хийж холбогдох хяналтын байгууллагүүдад хүргүүлдэг байна. Шүүлтүүр хийхэд идэвхжсэн нүүрс болон шохойн гидрат ашигладаг. Гарч буй үнс болон шаарыг дахин боловсруулж газар доорхи зориулалтын цэгт булшилна.

Галлагааны хоёр дах шугам нь сараалж төмөр ашиглах зарчмаар ажиллах ба жилд 150,000 тн хог шатаадаг. Ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлыг ангилан ялгахгүйгээр шууд шатаадаг байна. Энэ технолгийг илүү ирээдүйтэй гэж үздэг. Шугамын хүчин чадал 56МВт-ын дулааны эрчим хүч бөгөөд хогны илчлэг нь 11МДж/кг. Үүнээс 11MВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг байна. Энэ компани хуйлруулан шатаах хуучин шугамаа хааж шинэ шугамаа  2021 онд нээхээр төлөвлөсөн ба улмаар нийт 112 МВт дулаан, 30МВт цахилгаан үйлдвэрлэх юм байна. Шаталтын явцад нийт шатааж буй хогноос 28%-ийн шлак гардаг ба дахин боловсруулж метал гарган авдаг, үлдсэн хэсгийг зам барилгын ажилд эсвэл булшилдаг байна. Мөн 7%-ийн фильтрийн үнс гардаг ба голдуу булшилдаг байна. Хогны бункер оруулахгүйгээр шинэ шугам байгуулахад ойролцоогоор 70 сая Евро-ийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Үйлдвэрлэсэн илүүдэл цахилгаанаа дамжуулах сүлжээнд нийлүүлж Лайпциг (Leipzig) хот дах цахилгааны биржээр дамжин зах зээлийн үнээр борлуулагддаг байна. Хогийг хамгийн багадаа Цельсийн 850°-аас дээш температурт шатаана. Энэ температурт диоксин зэрэг маш хорт бодисууд устдаг. Сараалж төмрийн дээрх хэсэгтээ Цельсийн 1000°-аас дээш температурт хүрдэг. Хог авахдаа нэг тонн ахуйн хогноос 70 орчим Евро-ийн төлбөр авдаг, харин үйлдвэрийн аюулгүй хогноос 100-аас дээш Евро-ийн төлбөр авдаг. Шаар болон фильтрийн үнсийг гэрээт байгууллагад өгч зайлуулах буюу булшлуулдаг байна. Шлак буюу шаарыг өгөхдөө тонн тутамд 12-14 Евро-ийн төлбөр төлдөг бол фильтрийн үнсийг зайлуулахад 80-120 Евро-ийн төлбөр төлдөг. 1 МВт цахилгааныг зах зээлийн үнээр буюу 40-45 Евро-оор борлуулдаг, харин 1 МВт дулааныг 20 орчим Евро-оор борлуулдаг байна.

Тухайн компани нь хувийн хэвшлийнх бөгөөд улсаас ямар нэгэн дэмжлэг авдаггүй. Харин хот өөрөө ийм үйлдвэр барих тохиолдолд Европын холбооны тусгай сангуудаас дэмжлэг авах боломж байдаг юм байна.

Монгол улсын Үндэсний хөгжлийн газар олж авсан мэдээлэл, туршлагыг Улаанбаатар хотод концессоор барих хог шатаах үйлдвэр байгуулахад ашиглах бөгөөд мөн энэ хүрээнд GIZ Хотын Нэксус төслийн дэмжлэгээр хатуу хог хаягдлын менежментийн судалгаа хийхээр төлөвлөжээ.

Айчлалын сүүлийн өдөр Берлин хотын “Adlershof” шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн технологийн паркад зочилж үйл ажиллагаатай нь танилцахаас гадна зарим нэг компаний тухайлбал, GRAFORCE компаний сэргээгдэх эрчим хүч ашиглан бохир уснаас Plasmalysis технологоор хийн түлш гаргах технологтой танилцсан.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *