Угсармал орон сууцны барилгын дулаан техникийн шинэчлэл төслийн оролцогч талуудын зөвлөлдөх уулзалт боллоо.

Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний алдагдлыг бууруулах, хэмнэлт, үр ашгийг сайжруулах чиглэлээр томоохон зорилтуудыг тавин ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогод барилгын дулаан алдагдлыг 2020 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 40 хувь тус тус бууруулахаар тусгасан. Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба (УБХЗАА) нь Улаанбаатар хотын барилгын дулаан техникийн шинэчлэлийн (БДТШ) төслийн гол хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд өмнө хийгдсэн судалгаагаар Улаанбаатар хотод нийт 1077 угсармал барилга дулааны алдагдал өндөр байна. УБЗАА -аас дээрх барилгуудад дулаан техникийн шинэчлэл хийх дэд хөтөлбөр боловсруулан гаргаж эхний ээлжийн 88 барилгад газар хөдлөлтийн тэсвэрлэлт тогтоох шалгалтыг хийсэн байна.
Орон сууцны барилгуудад эрчим хүчний үр ашиг, хэмнэлтийн үйл ажиллагаа хэрэгжүүлэх, өөрчлөлт шинэчлэлт хийхэд зах зээлийн механизмын хязгаарлагдмал байдал, эрчим хүчний үнэ тариф доогуур байх, орон сууц эзэмшигчид төлбөр төлөх сонирхолгүй байх гэх мэт саад бэрхшээлүүд тулгарсаар байна.

Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага (ДДНХБ)-ын зүгээс УБЗАА-д орон сууцны барилгуудын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх зорилтуудаа хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Мөн эрчим хүчний хэмнэлт хийх боломжуудыг тодорхойлох, хөрөнгө оруулалтын зардлыг нь тооцох зорилгоор жишиг орон сууцнуудад эрчим хүчний аудит хийхэд нь техникийн туслалцаа үзүүлэн ажиллаж байна. Энэ төслийн хоёр дахь шатанд УБХЗАА болон олон улсын ICLEI байгууллагын Зүүн Ази хариуцсан нарийн бичгийн даргын газартай хамтран Улаанбаатар хотын 362 орон сууцны барилгад дулаан техникийн шинэчлэл хийх төслийн санал боловсруулаад байна.

БДТШ төслийн оролцогч талуудыг 9 ангилан авч үзэж байгаа бөгөөд тус зөвлөлдөх уулзалтанд тэдгээрийн төлөөллийг хамруулахаар төлөвлөж байна. Үүнд: 1) УБЗАА-ны эрчим хүч, дулаан хангамж хариуцсан алба; 2) СӨХ); 3) Оршин суугчид; 4) Эрчим хүчний зохицуулагч байгууллагууд: БОАЖЯ, БХБЯ, ЭХЯ, ЭХЗХ; 5) Дулаан түгээгч байгууллагууд: УБДТС ТӨҮГ, ОСНААУГ, ХҮТ; 6) Барилгын дулаалгын компаниуд; 7) Санхүүгийн байгууллагууд; 8) Эрчим хүч хэмнэлтийн үйлчилгээ үзүүлэгч компани-ESCO; 9) Судалгааны байгууллагууд.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.