Монголчуудын оршуулгын зан үйл: Уламжлал, Орчин үе, Чиг хандлага сэдэвт эрдэм шинжилгээний хоёрдугаар хурал болж байна

Нийсэлийн нутаг дэвсгэрт жилд дунджаар 6500 орчим хүн нас барж, оршуулгын үйлчилгээ авч байна. Эдгээр нас барсан иргэдийн 20 орчим хувь нь чандарлах үйлчилгээ авч, үлдсэн 80 хувь нь газарт оршоох зан үйлээр оршуулгын үйлчилгээг сонгож байна. Оршуулгын үйлчилгээг нийслэлд 9 компани идэвхтэй явуулж байгаа бөгөөд эдгээр компаниудын тал хувь нь 2014 оноос хойш байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа юм. Энэ нь нэг талаас оршуулгын үйлчилгээ өрсөлдөөнтэй болж, хөгжиж байгаа гэж харж болох ч нөгөө талаас зөвшөөрөлгүйгээр нийслэлийн эргэн тойронд хотын ногоон бүсдэх оршуулгууд нэмэгдэх шалтгаан болж байна.

Монгол Улсад оршуулгын тухай тусгайлсан хууль байхгүй, бусад хуулиуд дээр оршуулгатай холбоотой эрх зүйн зохицуулалт байдаггүй бөгөөд тухай орон нутаг өөрсдийн эрх хэмжээний хүрээнд журам дүрэм баталж, мөрдүүлсээр ирсэн. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 86 дугаар тогтоолоор оршуулгын үйлчилгээтэй холбоотой хэд хэдэн журмыг нэгтгэж “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журам”-ыг баталж гаргасан байдаг бөгөөд уг журмаар туслгамдсан олон асуудлыг шийдэхээр зохицуулсан боловч төдийлөн хэрэгжиж чадахгүй байна. Үүний шалтгаан нь уг журмыг НИТХ-аас Хууль зүйн яаманд бүртгүүлээгүй байдаг ба энэ нь эрх зүйн чадамжгүй болох нөхцлийг бүрдүүлж байгаа. Мөн журмыг зөрчсөн этгээдэд хариуцлага тооцох боломж муу, журамд заасан зарим заалтууд ерөнхий утга санаатай, иргэдэд журмыг бүрэн сурталчилж, хүргэж чадаагүй, оршуулгын үйлчилгээ эрхэлдэг шинэ тутам компаниуд уг журмыг дагаж мөрддөггүй, иргэдэд зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй оршуулгын газрын талаарх мэдээллийг өгөхгүй байгаагаас нийслэл дэх оршуулгын асуудлууд үргэлжилсээр байна. Цаашлаад 2017, 2018 онд шинээр оршуулгын үйлчилгээ эрхэлдэг компаниуд бий болж оршуулгын газар байгуулах хүсэлтийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тавих болсон. Зөвшөөрөлгүй оршуулгууд ихээр нэмэгдэж, хяналтгүй болох нөхцөл бий болоод байгаа тул 1 сая гаруй хүн амтай энэ хотын оршуулгын үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, хариуцлагыг чангатгах зайлшгүй шаардлага гараад байна.

Өнгөрөгч 2018 онд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар ажлын хэсэг байгуулж, дээр дурдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журам”-ыг шинэчлэн найруулах ажлын хэсгийг байгуулж, журам нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг жил орчмын хугацаанд хийлээ. Энэ хугацаанд оршуулгын үйлчилгээ эрхэлдэг 9 компаний үйл ажиллагаа, оршуулгын газруудтай газар дээр нь танилцаж, тулгамдаж байгаа асуудал, оршуулгын үйлчилгээний үнэ тарифын бодит нөхцөл байдлыг тодорхойлж, эрх зүйн зохицуулалтыг хэрхэн сайжруулах, нийгмийн хэрэгцээ шаардлага юу байгаа эсэхэд дүн шинжилгээ хийж ажиллаа.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журам”-ын шинэчилсэн найруулгын төсөлд 2019 оны 1-р сарын 4-өөс эхлэн иргэд олон нийт, нийслэлийн дүүрэг хороо, мэргэжлийн байгууллагуудаас санал авч эхэлсэн. Оршуулгын үйл ажиллагааны энэ салбар нь бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний салбараас илүү онцлогтой, нарийн төвөгтэй, нийгмийн чухал салбар тул энэ салбарын эрх зүйн зохицуулалтыг тодорхой, хариуцлагатай болгох шаардлагатай байна.

Оршуулгын үйл ажиллагаанд зан үйл хамгийн чухал нөлөөтэй. Энэхүү зан үйлийг зааж чиглүүлж өгдөг хүмүүс бол шашины хүмүүс байдаг. Тиймээс шашины төлөөллүүд үүн дээр өндөр ач холбогдол өгч орчин цагийн суурин иргэншилд Монголын нүүдэлчин ахуйн уламжлалт зан үйлийг нийцүүлж, хөгжүүлж, сайжруулах шаардлагатай байна. Иргэд ихэвчлэн ламын үгийг л дагадаг, лам ямар зүгт ямар хэлбэрээр оршуул гэнэ түүнийг дагадаг.

Өнөөдрийн энэ онол практикийн бага хурал 2018 онд зохион байгуулагдсан хурлаас илүү онцлогтой гэж ойлгож байна. Өмнө бид илүү түүхийн олдвор, оршуулах хэлбэрийн түүхэн хувьслын талаар судалгааны ажлуудаа танилцуулж хэлэлцэж байсан бол энэ удаад илүү зан үйлийн талаар эрдэмтийн судалгааны ажлуудыг танилцуулж, түүхэн хувьсал, өөрчлөлт ямар байсан зэргийг илүү тодорхой харуулж, орчин цагт оршуулгын зан үйлийг хэрхэн хийх, түүнийг яаж сайжруулах гарц боломжийг нээх шийдэл гаргана гэж бодож байна. Мөн энэ хуралд төрийн захиргааны төв байгууллага, нутгийн захиргааны байгууллага, мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачид зэрэг олон талын оролцогчид ирсэн нь илүү өргөн хүрээтэй, ач холбогдолтой, асуудлыг олон талаас харж, оновчтой шийдэл, зөвлөмжүүдийг гарна гэдэгт итгэлтэй байна.

Та бүхний өнөөдрийн хуралд амжилт хүсье. Хурлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, санаа бодол, мэргэн ухаанаа уралдуулж, нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэм болохуйц бодит үр дүн гаргахыг хүсье.

Оролцогч нар

  • МУИС, ШУТИС, БИС-ын түүхийн ухааны багш эрдэмтэн судлаач нар
  • Оршуулгын үйлчилгээ эрхэлдэг мэргэжлийн байгууллага, компаниуд
  • Эрүүл мэндийн яам
  • Байгаль орчны яам
  • Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам
  • Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
  • Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яамны соёлын өвийн төв
  • Нийслэлийн Засаг даргын тамгын газар
  • Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба
  • Дүүргүүдийн ЗДТГ, зарим хороодын төлөөлөл
  • Төв аймгийн Сэргэлэн сум, Баянцогт сум, Батсүмбэр сум
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн
  • Нийслэлийн Цагаадгийн газар
  • Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
  • Нийлэлийн Байгаль орчны газар
  • Төв гандан
  • Дашчойлон хийд
  • Түвдэнпэлжээлэн хийд

Зөвшөөрөлтэй оршуулгын газрууд /НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 15 дугаар тогтоол/ Тод хараар бичсэн газрууд нь нийслэлийн иргэдийн хамгийн их оршуулга хийж байгаа газрууд

  1. Нарангийн энгэрийн оршуулгын газар
  2. Нарангийн энгэр дэх мусалман шашинтны оршуулгын газар
  3. Өлзийтийн оршуулгын газар
  4. Алтан-Өлгийн оршуулгын газар
  5. Баруун турууны шарил чандарлах төв
  6. Гачууртын шарил чандарлах төв
  7. 361 гарамын Диваажингийн цэцэрлэгт хүрээлэн

Налайх дүүргийн шийдвэртэй оршуулгын газрууд

  1. Хүүрийн ухаа оршуулгын газар, Зүүн түмэн буян ХХК
  2. Бага баянгийн оршуулгын газар, Суварга буян ХХК

Төв аймаг дахь оршуулгын газар

  1. Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх Диваажингийн цэцэрлэгт хүрээлэн, Багахангай явах зам дагуу
  2. Баянцогт сумын нутаг дэвсгэр дэх оршуулгын газар

Идэвхтэй оршуулга хийгдэж байгаа зөвшөөрөлгүй оршуулгын газрууд

  1. Гачууртын Шар хоолойн амны Булгийн эх гэдэг газар
  2. СХД-ийн 21-р хорооны нутаг дэвсгэрт, хорооруу явах зам дагуу байдаг, Сувд буян ХХК
  3. СХД-ийн 21-р хороо, Шүлэг уулын энгэр
  4. Нарангийн энгэрийн оршуулгын газрын Баруун хойд хэсэгт хил хязгаарын гадна талд, /хүүхдийн найрамдал зуслан явах зам дагуу харагддаг./

Ил тавьж байгаа газрууд

  1. Гачууртын 1000 лангийн оршуулгын газрын хойд хэсэг
  2. Нарангийн энгэрийн оршуулгын газрын баруун хойд хэсэг
  3. СХД-ийн 21-р хороо, Шүлэг уулын энгэр

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.