Улсын Их Хурлаар Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон баталлаа

Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гадаад харилцааны яамаар төлөөлүүлэн Монгол Улсын Засгийн газар, Мянганы сорилтын корпорацаар төлөөлүүлэн Америкийн Нэгдсэн Улсын хооронд байгуулсан  Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорациас 2014 оны 12 дугаар сард Монгол Улстай хоёр дахь Компакт гэрээ байгуулах шийдвэр гарснаас хойш 3 жил гаруйн хугацаанд Гадаад харилцааны яамны дэргэд байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорац (МСК) хооронд байгуулах хоёр дахь компакт гэрээг боловсруулах үүрэг бүхий Үндэсний ажлын алба, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацтай хамтран Компакт гэрээ боловсруулах бэлтгэл ажлыг 2018 оны 5 дугаар сард бүрэн хангаж дуусгасан.

Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу Компакт гэрээнд гарын үсэг зурах асуудлыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр зөвшилцөж, гарын үсэг зурах асуудлыг зөвшөөрсөн санал, дүгнэлт гарсан. Энэ үндсэн дээр Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорац хооронд Компакт гэрээний талаарх хэлэлцээ 2018 оны 5 дугаар сарын 16-21-ний өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотод амжилттай явагдаж, гэрээний төслийг тохиролцжээ. Монголын мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөлийн гишүүнээр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр ажилласан юм.

Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар Мянганы сорилтын компакт гэрээнд гарын үсэг зурах асуудал дэмжигдэж, 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Компакт гэрээнд гарын үсэг зурж гэрээг байгуулсан. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайд 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргатай Компакт гэрээг хэрэгжүүлэх Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан.

 Компакт гэрээний дагуу Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэхэд олгосон 350 сая хүртэл ам.долларын буцалтгүй тусламж олгох юм. Энэ хүрээнд гүний худаг гаргах, ус цэвэршүүлэх үйлдвэр барих ажлууд үе шаттай хийгдэж, Улаанбаатар хотын нийт усан хангамж сайжрах боломж бүрдэх юм байна. Тус хөрөнгө оруулалтаар 52 ширхэг гүний худаг, Ус цэвэршүүлэх үйлдвэр, Дамжуулах шугам хоолой, Өргөх станц, Усан сан зэргийг байгуулна

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *