Шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил эхэллээ

Монгол Улсын Засгийн газар 1964 онд баригдсан төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барих ажилд онцгойлон анхаарч ажилласны дүнд БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлийн хүрээнд “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Өнөөдөр том бүтээн байгуулалт болох “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих” төслийн шав тавих ёслолын үйл ажиллагаа боллоо. Ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин болон Засгийн газрын гишүүд, Нийслэлийн удирдлагууд, бусад төлөөлөгчид оролцлоо.

Шинэ Цэвэрлэх байгууламж нь биопрудын зориулалтаар ашиглагдаж байсан 40 га талбайд баригдах бөгөөд нийт талбайн 24,7 га талбай буюу 61 хувьд нь төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай барилга байгууламжийг барьж байгуулна. Мөн шаардлагатай авто зам, явган хүний зам талбай, ногоон байгууламжийг давхар шийдэж өгөх юм. ТЭЗҮ-д тусгагдсанаар хоногт 250,000 м3 бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд 3 үе шаттай цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийгдэнэ. Лаг боловсруулан биохий гарган авах замаар эрчим хүч болон дулаан үйлдвэрлэж, үйлдвэрийн нийт цахилгааны хэрэгцээний 53 хувийг хангах юм. Хаягдал лагийг усгүйжүүлэн хатаах, шатаах замаар хаягдалгүй үйлдвэр байгуулах ба цэвэрлэгээний процессоос ялгарах үнэрийг агааржуулалтын системээр цуглуулан биологи цэвэрлэгээний процессоос ялгарах үнэрийг агааржуулалтын системээр цуглуулан биологи цэвэрлэгээний аргаар цэвэрлэх, үйлдвэрийг бүхэлд нь хяналт удирдлагын ухаалаг скада системээр тоноглохоор тусгажээ.

Төслийн гүйцэтгэгчээр “Чайна тисижу сивил инженеринг групп ба Бээжин констракшн инженеринг групп” консорциум хэрэгжүүлэх бөгөөд ийнхүү төслийн шавыг тавьснаар барилгын ажил эхэлж байна. Үндсэн барилга, байгууламжуудыг 35,5 сарын дотор барьж дуусгахаар төлөвлөжээ.

Ийнхүү 10 гаруй жил яриа төдий байсан Шинэ төв цэвэрлэх байгууламж ажил хэрэг болж эхэллээ.