Орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулж буй согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, кафе, рестораны ажиллах цагийн хязгаарыг өвөл, зуны улирлаас хамааралгүй 00:00 цагт хаах санал дэмжигдлээ

Нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй 6472 ААН үйл ажиллагаа эрхэлж байгаагаас худалдааны чиглэлээр 3933 ААН, хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр /баар, ресторан, кафе/ 2539 ААН байна. Эдгээрээс нийтийн орон сууцны нэг болон суурийн давхарт 557 ресторан, баар, кафе ажиллаж байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын ажиллах цагийн хуваарийг шинэчлэн тогтоох асуудлыг 2017-2018 онд Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 3 удаагийн хурлаар хэлэлцүүлсэн бөгөөд Зөвлөлийн гишүүдийн санал, НАЖГ, НЦГ,  иргэд, оршин суугчдын болон бизнес эрхлэгчдийн саналыг харгалзан цагийн хязгаарыг 3 хувилбараар боловсруулж, захирамжийн төслийг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар дахин хэлэлцүүллээ.

            Зөвлөлийн гишүүд тухайн асуудлыг хэлэлцэж орон сууцны нэг болон суурийн давхарт үйл ажиллагаа явуулж байгаа согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын ажиллах цагийн хязгаарыг өвөл, зуны улирлаас хамааралгүй 00:00 цагт хаах саналыг 100 хувь дэмжлээ.