Авто зам, талбай сэтлэх сүвлэх, орц гарц гаргах зөвшөөрөл олгох хурал хуралдлаа

Нийслэлийн инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалт, их засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан авто зам, талбай, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц, гарц гаргах болон нөхөн сэргээх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгож, гүйцэтгэлд нь хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийн 2 дугаар хурал 2019 оны 04 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагаас хуралдаж авто зам сэтлэх, сүвлэх хүсэлт гаргасан 5, орц, гарц гаргах хүсэлт гаргасан 5, нийт 10-н иргэн, аж ахуй нэгж байгууллагын асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэв.

 

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас Баянхошууны дэд төвийг төвлөрсөн дулаанаар хангах дулааны магистрал шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажил, Баянзүрх дүүргийн 8-р хороо, 6-н иргэн, 13-н аж ахуй нэгжийн барилгыг төвлөрсөн дулаанд холбох  барилга угсралтын ажлын хүрээнд авто зам болон явган хүний зам сэтлэх, сүвлэх хүсэлт гаргасны дагуу хэлэлцэн дэмжив.

 

Ус суваг удирдлагын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу Баянзүрх дүүргийн 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Хөдөө аж ахуйн яамны баруун талд гарсан шугамын гэмтлийг засварлан зам талбайг буцаан нөхөх, хучилтын ажлыг нөхөн сэргээх нөхцөлтэйгөөр ажлын хэсэг зөвшөөрөл олгов.