Нийтийн тээврийн үйлчилгээний чанар соёл хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын сахилга, хариуцлагыг сайжруулах зорилгоор гэрээ байгууллаа

Хууль тогтоомжоор олгогдсон чиг үүргийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нийтийн тээврийн чиглэлээр ажил үйлчилгээ эрхэлж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ажил, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, хот, нийтийн аж ахуйн чиглэлийн асуудлуудыг шуурхай удирдан зохион байгуулах талаар тодорхой ажлыг хэрэгжүүлж, нийтийн тээврийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр онцгой анхааран ажиллалаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/51 дүгээр тушаалаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 6/22 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам”-д өөрчлөлт оруулах, судалгаа хийж, санал боловсруулах ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсгээс тодорхой хугацааны турш судалгаа хийж, тус тогтоолыг хүчингүй болгож  шинэчлэн боловсруулан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 23/14 дугаар тогтоолоор “Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн журам”-ыг машин цагийн тарифын хамт батлууллаа.

Нийтийн тээврийн үйлчилгээний чанар соёл хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын сахилга, хариуцлагыг сайжруулах зорилгоор “Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн журам”-ыг үндэслэн “Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээ” болон “Нийтийн тээврийн үйлчилгээний санхүүжилтийн гэрээ”-г шинэчлэн, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр  нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудтай гэрээ байгуулах ажиллагаанд ХЕМ оролцлоо.

Гэрээ байгуулах үйл ажиллагааны явцад нийтийн тээврийн үйлчилгээний чанар соёл, цэвэрлэгээ, өнгө үзэмжинд тавьж буй хяналтын ажлын 2019 оны 04 дүгээр сарын тайланг нийт аж ахуйн нэгж, байгууллагуудад тайлагнаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, заавар чиглэл өглөө.