Нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт шалгалт тогтмол явуулж зөрчил дутагдлыг арилгуулж байна

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны А/97 дугаар тушаалаар баталсан Ажлын хэсэг ээлжит хурлаа зохион байгуулж, нийт 8 асуудал хэлэлцсэнээс батлагдсан удирдамжийн хүрээнд хуваарийн дагуу 2019 оны 05 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд Улиастай, Ботаник, Шар хад, Улаанхуаран, Монел, Халдвартын эмнэлэг, Дүнжингарав худалдааны төв зэрэг 7 эцсийн зогсоолд хяналт шалгалтын үр дүн, мэдээтэй танилцлаа.

Шалгалтыг ажлын хэсгийн 4 гишүүн удирдан, автотээврийн хяналтын 4 улсын байцаагч, 4 хяналтын ажилтан, 20 шалгагч хуваарийн дагуу ажилласан.

Шалгалтын явцад 14 аж ахуйн нэгж, байгууллагын 330 нийтийн тээврийн хэрэгсэл хамрагдсанаас 303 зөрчил дутагдал илэрч, Автотээврийн хяналтын улсын байцаагч нар илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулж, Тэнүүн-Огоо ХХК, Трансбус ХХК, Мяралзаа ХХК-иудын удирдлагуудад танилцуулан, нийт 11 жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 10.1 дэх заалтыг үндэслэн нийт 165000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцон ажилласан байна. Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 03-р сарын 26-ны өдрийн  “Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл, хариуцлагыг сайжруулах тухай” 02 дугаар албан даалгаврын хүрээнд хийх ажлын нарийвчилсан төлөвлөгөөний дагуу Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд, Улаанбаатар смарт карт ХХК болон Жэй Си Деко ХХК-нд 7 заалт бүхий үүргийн биелэлтийг  нэгтгэн танилцуулж, цаашид авах арга хэмжээг хэлэлцэн, холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өглөө.