Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн зөвлөлийн ээлжит хурал боллоо

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн зөвлөлийн ээлжит хурлаар МУЗГ-ын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэхтэй холбогдуулан авах зохион байгуулалтын арга хэмжээ, Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах, хаягийн өөрчлөлт хийх, хүчингүй болгох тухай, Орон сууц эзэмших эрхийн бичиг шинээр авах тухай,  Байгууллагын хагас жилийн ажлын тайлан мэдээ, албан бичиг шийдвэрлэлтийн байдал, Ногоон байгууламжийн арчилгаа хариуцаж буй гэрээт байгууллагад явуулсан шалгалтын тухай авч хэлэлцэв.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Аудит, дотоод хяналтын хэлтсээс нийтийн эзэмшлийн цэцэрлэгийн ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн тарилтыг хариуцан ажиллаж буй гэрээт мэргэжлийн байгууллагуудын хагас жилийн ажлын гүйцэтгэлд 7 хоногийн хугацаанд хяналт, шалгалт явуулж, хотын Ерөнхий менежерээс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг газар дээр нь шалгасан байна. Шалгалтын дүнгээр ногоон байгууламжийн арчилгааг хариуцан ажилладаг нийт 49 байгууллагаас хангалтгүй дүгнэгдсэн 3 байгууллагын гэрээг цуцлав. Мөн Аудит, дотоод хяналтын хэлтсийн дүгнэлтийг үндэслэн, ажил сайжруулах шаардлагатай 11 байгууллагын ногоон байгууламжийн арчилгааны 6 дугаар сарын гүйцэтгэлээс 10-30% хасаж олгохоор шийдвэрлэлээ.