Төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар угсармал орон сууцыг дулаалах асуудлаар хэлэлцүүлэг боллоо

Нийслэлийн 14 хороололд байрлах 1077 угсармал орон сууцны барилгад дулаан техникийн шинэчлэл хийх шаардлагатай. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд 24 барилгын гадна фасадны дулаалгыг хийхээр болсон.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, GIZ Германы хамтын ажиллагааны байгууллагатай хамтарч “Улаанбаатар хотын орон сууцны 362 блок барилгад дулаан техникийн шинэчлэл хийх төсөл”-ийг Үндэсний онцлогтой хүлэмжийн хийг бууруулах сан /NAMA/-д 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүргүүлсэн. Тус сангаас 18 сая хүртэлх еврогийн буцалтгүй тусламж авахаар /NAMA/-ийн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн. Хоёрдугаар шатны шалгаруулалтын зөвлөлдөх уулзалтыг хийхээр тус сангийн төлөөлөгчид 2019 оны 07 дугаар сарын 22-24-ны өдрийн хооронд Улаанбаатар хотод ирж ажиллахаар болсон.

Үүний дагуу өнөөдөр бэлтгэл ажил болгон тус төслийг хэрэгжүүлэхэд оролцогч талуудаас санал авах уулзалт зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөнд ЭХЯ, БХБЯ, БОАЖЯ, ЭХЗХ, УБДС, ОСНААУГ, ДИ БИ  ЭМ Ассет Менежмент ХХК-ийн төлөөллүүд оролцож санал солилцлоо.