Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нам даралтын халаалтын зуухнуудыг буулгаж цахилгаан дулаанд холбох ажлыг зохион байгуулж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 16-100кВт-ын хүчин чадалтай нийт 2209 халаалтын зуух байгаагаас УБЦТС ТӨХК-тай хамтран судалгаа хийж, ямар нэгэн шугам тоноглол өргөтгөхгүйгээр 469 усан халаалтын зуухыг цахилгаанаар халаах техникийн нөхцлийн талаар 2019 оны 08 дугаар сарын 19-ны өдөр төвийн 6 дүүргийн 200 орчим иргэдтэй уулзалт хийж мэдээлэл өглөө.
Дээрх хуралд УБЗАА-наас гадна Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Цацрал, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ны албаны дарга Т.Мөнхболд, бусад холбогдох байгууллагын удирдлагууд оролцож иргэн, аж ахуйн нэгжийн асуултад хариулж, санал хүсэлтийг нь сонсов.
Тус албаны зүгээс иргэд, байгууллагуудаас ирүүлсэн санал гомдлыг холбогдох дээд шатны байгууллагуудад уламжилахаас гадна дотоод нэгжийн дарга нар төвийн 6 дүүрэгт ажиллаж энэхүү ажилд хамрагдах иргэн, аж ахуйн нэгжид мэргэжил арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэн хамтран оролцох юм.