Нийслэлийн Засаг даргын 03 дугаар албан даалгавар, “Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд Багануур, Хан-Уул дүүргүүдэд ажиллаа

2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Захиргааны, удирдлага санхүүгийн хэлтсийн дарга Э.Энхцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг Багануур дүүрэгт ажиллаж Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар албан даалгавар, “Манай хороо-Миний гудамж” аяны явц, улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй тохижилт, бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа.

Дүүрэгт 2019 онд улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийт 16.2 тэрбум төгрөгийн 60 төсөл арга хэмжээ хэрэгжүүлж байгаагаас нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 17 байршилд 4444 м2 талбайд хийгдсэн явган хүний замын ажил иргэдийн талархлыг хүлээсэн үр өгөөжтэй арга хэмжээ болсон бөгөөд ажлын явц 90 хувьтай байгаа нь бусад дүүрэгт хэрэгжиж байгаа явган замын ажлаас гүйцэтгэл хамгийн өндөр хувьтай байна.

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй Дүүргийн нэгдсэн эмнэлгийн гадна тохижилтын ажил 75 хувьтай байгаа бөгөөд авто машины зогсоолын хучилт хийгдэж байна.

“Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд Автожим ОНӨААТҮГ-т зочилж тус байгууллагаас 2019 онд дүүргийн хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажлуудтай танилцаж, Дүүргийн 1 дүгээр хорооны иргэн н.Жаргалсайханы гэрт зочилж орон сууцны халаалтын шийдэл болон гаднах орчныг тохижуулсан байдалтай танилцлаа.