Гаднаа ил задгай хог хаягдалтай байгууллагуудад шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын А/920 дугаар Захирамж “Аж ахуйн нэгж, байгууллагуудын хог хаягдлыг 80-аас доошгүй литрийн багтаамжтай зориулалтын уутанд хийлгэж, тогтмол хуваарийн дагуу гараас гарт шилжүүлэн ачиж хэвшүүлэх, хүн, мал амьтны ялгадас, хүнсний шингэн хог хаягдлаар бохирдсон нийтийн эзэмшлийн гудамж, талбайг цэвэрлэн, ариутгаж, халдваргүйжүүлэх “Цэвэр хот” 1 сарын аяныг 2019 оны 09 дүгээр сарын 15-аас 10 дугаар сарын 15-ны хооронд зохион байгуулах” ажлын хүрээнд Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт ажиллаа.

Захирамжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор УБЗАА-ны Хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун, УБЗАА-тай хамтран ажилладаг өдөр тутмын хөндлөнгийн хяналт тавьдаг Төрийн бус байгууллагууд, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны улсын байцаагч нартай хамт гадна орчиндоо хог хаягдал үүсгэсэн, бохирдол ихтэй, газруудыг газар дээр нь нийгмийн сүлжээгээр шууд дамжуулан захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагыг дор бүр нь өгч ажиллаа. Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг, Бэтүб Хийд, Хан-Уул дүүрэгт Монголын Үндэсний Их сургуулийн эзэмшлийн Хан богд амралтын газар, ХУД-ийн 19 дүгээр хороо Баян Тунгалаг Дуут ХХК-ийн контор, 11 дүгээр хороодод Зайсан өргөө СӨХ дээр тус тус ажилласан бөгөөд ирэх Баасан гарагт Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд ажиллана.

Засаг даргын тус захирамжийг байгууллага аж ахуйн нэгжүүдэд сурталчлах, иргэдэд түгээх, албан шаардлага хүргэх ажлыг нийгмийн сүлжээгээр шууд дамжуулж байгаа бөгөөд SBN, Ийгл ТВ хамтран сурвалжиллаа.

Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт ил задгай барилгын хог хаягдал хаяж асгах тохиолдол цөөнгүй гарч байгааг шөний сурвалжлага хийж олон нийтэд түгээх бэлтгэл ажлыг хангаад байна. Энэ тухай Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны албан ёсны цахим хуудсаар иргэдээс мэдээлэл тогтмол авна.