Хот нийтийн аж ахуйн салбарын Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртсэн эрхмүүдэд хүндэтгэл үзүүллээ

Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Зам талбайн мастер Д.Баянжаргал, хог тээврийн машины жолооч Д.Шаравдорж, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын Машинист Ж.Сүхбаатар, Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын Бохир усны шугамын засварчин У.Эрдэнэтуяа нарыг Улаанбаатар хотын хот нийтийн аж ахуйн салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмрээ оруулсныг өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээсэн.

Өнөөдөр эдгээр эрхэм хүндтэй гавьяат ажилчдыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тэргүүтэй тус албаны удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Нийслэлийн хот тохижилтын газрын зам талбайн мастер Дүгэржавын Баянжаргал нь 1984 оноос хойш хүнд хэцүү нөхцөлд шантрахгүй, идэвх зүтгэлтэй, тогтвор суурьшилтай ажиллаж, зам талбайн үйлчилгээг хариуцан, автозамыг өдөрт 2-3 удаа цэвэрлэх, хог хаягдлыг цаг хугацаанд нь ачуулах, өвлийн улиралд халтиргаа гулгаа үүсэхээс хамгаалан арчлалт хийх зэргээр үйлчилгээний салбарт 35 жил үр бүтээлтэй ажиллаж байна.

Нийслэлийн хот тохижилтын газрын хог тээврийн машины жолооч Дуламсүрэнгийн Шаравдорж нь хог тээвэрлэх, нийслэлийн цэвэр цэмцгэр байдал, өнгө төрхийг нэмэгдүүлэхийн төлөө  уйгагүй хөдөлмөрлөж, улсад 42 жил ажиллах хугацаандаа 120 гаруй жолоочийг халамжлан хүмүүжүүлж, сурган дадлагажуулжээ.

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын машинист Жамсрангийн Сүхбаатар нь шугам сүлжээ, тоног төхөөрөмж, ус дулааны худагт үзлэг хийж илэрсэн зөрчлийг цаг алдалгүй засварладаг чухал үүрэгтэй ажил гүйцэтгэж, өрхийн усны алдагдлыг бууруулж, засвар үйлчилгээ хариуцах зэргээр 34 жил ажиллажээ.

Ус сувгийн удирдах газрын бохирын шугамын засварчин Уртнасангийн Эрдэнэтуяа 1982 оноос хойш хог, лагтай бохирын шугам хоолой, худгийн эвдрэл, гэмтлийг засварлаж энэ ажлаа тасралтгүй 37 дахь жилдээ гүйцэтгэж байна.

Улаанбаатар хотын хот нийтийн аж ахуйн салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмрээ оруулсан гавьяат ажилчиддаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе