Нийслэлийн нутаг дэвсгэрт хог ачиж тээвэрлэх хуваарийг нэгдсэн стандартад оруулна

Нийслэлийн Засаг даргаас Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвөлгөөний үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын Ерөнхий менежерт Нийслэлийн дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниудыг нэгдсэн хяналт зохицуулалттай болгох, үйл ажиллагаа, хуваарь графикын мөрдлөгийг сайжруулах чиглэлээр үүрэг болгосон. Тус үүрэг даалгаврын хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер нийслэлийн 9 дүүрэгт ажиллах хуваарийг баталсны дагуу өнөөдөр Хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтэс бүрэн бүрэлдэхүүнээр Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний компани дээр ажиллаж байна.

Өглөөний 08:30 эхэлсэн уг уулзалтад Нийслэлийн 9 дүүргийн Тохижилт үйлчилгээний компаний удирдлагууд, дүүргийн асуудал хариуцсан хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, УБЗАА-тай хамтран ажилладаг хяналтын төрийн бус байгууллагууд оролцож харилцан үйл ажиллагааныхаа туршлагыг солилцлоо.

Хог хаягдлын цуглуулалт тээвэрлэлтийг хэрхэн илүү сайжруулах, одоо хэрэгжиж буй дүүргүүдийн ТҮК-уудийн хог тээврийн хэлбэр, бүтэц зохион байгуулалт ямар байгаа талаар танилцуулгыг хийв. Мөн хамгийн сайн туршлагыг нэвтрүүлж буй хэд хэдэн дүүргийн ТҮК-ийн үйл ажиллагаа, хог ачилтын хуваарь, хогоо ангилан ялгаж буй туршлагыг бусад дүүргүүддээ нэвтрүүлэх боломж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан туршлага судлаж санал солилцлоо.

Үргэлжлүүлэн Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ийн холбогдох хэлтэс, дүүргийн ТҮК-уудтай хамт хариуцсан нутаг дэвсгэр дээр ажиллах бөгөөд хог ил задгай үүсдэг цэгүүд, хамгийн их санал гомдол ирдэг байршлууд дээр ажиллаж хог тээвэрлэлтийн үйл ажиллагааг шалгах, сар бүрийн хог тээврийн гүйцэтгэлийг хэрхэн дүгнэж байгаа зэрэгт хяналт хийх юм.  Дээрх ажлыг дүүрэг бүрт хуваарийн дагуу 14 хоногт нэг удаа зохион байгуулна.