Хувийн орон сууцны контор, СӨХ-дын үйл ажиллагаанд үзлэг шалгалт явуулж буй ажлын явцыг шалгалаа


Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээг сайжруулах талаар цаашид авах арга хэмжээ”-ний тухай А/1358 дугаар захирамжийн 1.6, 1.7 дахь заалтын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Хотын Ерөнхий менежер өнгөрсөн 01 сарын 23-ны өдөр Дүүрэг тус бүрт Засаг даргын орлогчоор ахлуулан, Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл, хувийн орон сууцны 2 мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулсан дэд ажлын хэсэг байгуулан 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд үзлэг шалгалт явуулах болон бусад чиглэлээр хугацаатай үүрэг даалгаврыг өгсөн. Тус үүрэг даалгаврын хэрэгжилт, ажлын явц хэрхэн явагдаж байгаа талаар өнөөдөр холбогдох мэргэжлийн байгууллагууд, дүүргүүдийн Засаг даргын орлогч нарыг дуудаж хуралдлаа.

Баянгол дүүрэг, Сонгинохайрхан дүүрэг нутаг дэвсгэрийнхээ 50 хувьд нь дээрх хяналт шалгалтыг явуулсан. Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх дүүргүүд Коронавирусээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний хүрээнд шалгалтын ажлыг эхлээгүй байгаа тухай хурлын үеэр мэдэгдсэн юм.

Хотын Ерөнхий менежер ажлын хэсгийг шуурхай байгуулан хяналт шалгалтын ажлыг яаралтай явуулж 10 хоногийн дараа эргэн мэдэгдэх үүргийг дүүргүүдэд дахин өглөө. Шалгалт явуулахдаа гомдол, санал байнга ирдэг сууц өмчлөгчдийн холбоодыг нэн яаралтай шалгаж ажлын хэсэгтээ хувийн орон сууцны 2 мэргэжлийн холбоо, Улаанбаатар лифт НӨҮГ-аас төлөөллүүдийг оролцуулахыг үүрэг болгов. Урьд нь яг энэ чиглэлээр нэн ялангуяа СӨХ, хувийн орон сууцны конторуудад шалгалт явуулж байгаагүй бөгөөд хурлын үеэр болохгүй асуудлууд, анхаарах зөрчил дутагдал маш их байгааг онцолж байв.

Дээрх хяналт шалгалтыг явуулсны дараагаар “Орон сууцны тухай хууль”, “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль”-ийг мөрдөж ажиллахад гарч байгаа хүндрэлүүдэд санал өгөх юм.