Хот нийтийн аж ахуйн чиглэлээр хийж хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар шуурхай хуралдлаа


Нийслэлийн Онцгой комисс өчигдөр буюу 2020.02.22-ний өдөр хуралдаж, бүх нийтийн амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлах шийдвэр гарсан. Гарсан шийдвэрийн хүрээнд Хот нийтийн аж ахуйн чиглэлээр хийж хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар холбогдох мэргэжлийн байгууллагуудын удирдлагуудыг цуглуулан хуралдав. Хуралд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Р.Батрагчаа, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хэлтсийн дарга нар, дүүргүүдийн ЗДТГ-ын Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга нар, Хот тохижилтын газар, Тохижилт үйлчилгээний компаний захирлууд, УБДС ТӨХК, УБЦТС ТӨХК, ГУББГ, ХИХУГ, ОСНААУГ, УБЗЗАГ-ын холбогдох албан тушаалтнууд, ариутгал халдваргүйтгэлийн мэргэжлийн 36 компаний удирдлага, Хяналтын төрийн бус байгууллагууд оролцлоо.
Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хот нийтийн аж ахуйн чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагууд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байгаа талаар мэдээллийг сонсож бүх нийтийн амралтын өдрүүдээр мэргэжлийн байгууллагууд шуурхай бригадуудын бэлэн байдал болзошгүй аваар ослын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний бэлтгэл ямар байгаатай танилцлаа.
Бүх дүүргийн хэмжээнд ажиллаж буй эргүүл жижүүрүүдэд хяналт тавих, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хот хоорондын замын хөдөлгөөнийг хааж байгаатай холбоотойгоор постуудад тогтмол хийж тэнд ажиллаж буй Цагдаа, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын албан хаагчдийн ариутгалын ажилд онцгой анхаарах, зорчих хэсгийн халтиргаа гулгааг арилгаж бэлэн байдлын зэрэгт ажиллах, баярын өдрүүдэд худалдааны үйлчилгээний байгууллагууд, нийтийн тээврийн байгууллагууд амрах үеэр ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг хамтран зохион байгуулах болон бусад чиглэлээр үүрэг даалгавар өглөө.