Нөөцийн мах бэлтгэн экспортлох зөвшөөрөл авч бодлогын гэрээ байгуулсан 38 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй хуралдлаа

Засгийн газрын шийдвэрээр нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 20 мянган тонн мах бэлтгэн нөөцлөхөөр болсон. Өнөөдрийн байдлаар арилжааны банк, өөрийн хөрөнгө, бодлогын гэрээ, хөдөө аж ахуйн бирж зэрэг дөрвөн эх үүсвэрээр 15 аж ахуйн нэгж нийт 13 мянган тонн махыг бэлтгэн нөөцөлж өчигдрөөс буюу 03 сарын 09-нөөс 279 хүнсний дэлгүүр борлуулалтын цэгээр түгээхээр бэлтгээд байгаа билээ. Гэвч өнөөдөр Улсын онцгой комиссын шуурхай хуралдаж Монгол улсад коронавируст халдварын тохиолдол орж ирсэнтэй холбоотой үүссэн нөхцөл байдлын хүрээнд зарим шийдвэрүүдийг гаргасан. Хот, аймаг, сум хоорондын хөдөлгөөнийг 03 сарын 16-ны 07:00 хүртэл хязгаарлах шийдвэр гарсны улмаас орон нутагт үйл ажиллагаа нь төвлөрдөг 8 нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгж, тэдгээрт ажиллаж буй ажилтан албан хаагчид борлуулалтын цэг рүү тээвэрлэлт хийхэд хүндрэл үүсээд байна. Одоогийн байдлаар дээрх 8 аж ахуйн нэгжийн 80 гаруй ажилтан албан хаагчдын шалган нэвтрүүлэх товчоодоор орох гарах асуудлыг НОК-т овог нэр, албан тушаал, автомашины дугаарыг мэдэгдэж шийдвэрлэсэн боловч бэлтгэл ажлын хувьд хугацаа хоцрох эрсдэлтэй байгаа юм.


Нөхцөл байдлын хүрээнд Хотын Ерөнхий менежерээр ахлуулсан “Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан бэлтгэсэн махны нөөц бүрдүүлэлт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын хэвийн үйл ажиллагааг хангуулах, хяналт тавих” ажлын хэсэг шуурхай хуралдаан зарлаж ХХААХҮЯ-наас нөөцийн мах бэлтгэн экспортлох зөвшөөрөл авч бодлогын гэрээ байгуулсан 38 аж ахуйн нэгжийн төлөөллийг цуглуулан хуралдлаа. Хуралд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле оролцов.


Бодлогын гэрээ байгуулсан дээрх аж ахуйн нэгжүүд нь дотоодын зах зээлд 10%-аа борлуулах гэрээний үүрэгтэй бөгөөд энэ талаар ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт хурал зохион байгуулж бэлтгэл ажлыг хангах үүрэг чиглэл өгсөн. Бодлогын гэрээтэй 38 аж ахуйн нэгж нь дотоодын зах зээлд 2500тн мах нийлүүлэх тооцоотой бөгөөд өнөөдөр бэлтгэл ажлын хүрээнд гурвалсан гэрээ, агентийн гэрээг байгуулалтын явц, бар код авсан эсэх болон БНХАУ импортоор авах мах махан бүтээгдэхүүндээ түр хугацааны хязгаарлалт тавьсантай холбоотойгоор болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дотоодын зах зээлд худалдан борлуулах боломж бололцоо авч хэрэгжүүлэх ажлын талаар тус тус хэлэлцлээ.


Бэлтгэсэн махны 60 хувийг нөөцийн мах худалдан борлуулах хэлбэрээр үлдсэн 40 хувийг өргөтгөсөн худалдаа хэлбэрээр худалдан борлуулах юм. Аж ахуйн нэгжүүд тус бүрийн бэлтгэл ажил, агентийн гэрээ, сав баглаа боодол, бар код авах ажил ямар шатанд байгааг танилцуулсан бөгөөд нэр бүхий бар код авсан 14 аж ахуйн нэгжийг агентийн гэрээгээ 5 сүлжээ дэлгүүрүүдтэй / Номин тав трейд ХХК, Миний дэлгүүр ХХК, Моннидэр ХХК, Алтанжолоо ХХК, Боса ХХК / яаралтай байгуулж худалдаанд гаргах чиглэлийг ажлын хэсгээс өгөв.
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле: Нөхцөл байдал хүндэрсэн тул Нийслэлийн хүн амын хүнсэнд зориулан бэлтгэсэн 10%-ийг яаралтай бэлтгэн нийлүүлэх нөхцөл шаардлага үүсээд байна. Цаашид хөл хорио сунах магадлалтай тул экспортлохоор бэлтгэсэн махыг дотоодын зах зээлд тодорхой хэмжээгээр нийлүүлж цул мах, адууны махыг худалдааны төвүүдээр нийлүүлэх боломжийг ХХААХҮЯ судлана. Товчоогоор нэвтрэх боломж бололцоог бүрэн хангаж ажилчдын овог нэр, автомашины дугаарыг яаралтай мэдэгдэж нэвтрүүлэх ажлыг УОК-т мэдэгдэн саадгүй нэвтрүүлнэ. Нөөцийн махны худалдааг маргааш 15:00 цаг гэхэд 279 цэгээр бүрэн нийлүүлсэн байх шаардлагатайг ажлын хэсэгт чиглэл болгов.


Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр дүүргүүдийн ЗДТГ-ын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга нар бодлогын гэрээтэй аж ахуйн нэгжүүдийг дуудаж уулзан өөрсдийн нутаг дэвсгэрт хуваарилагдсан хүнсний дэлгүүрүүд, сүлжээ дэлгүүрүүдтэй холбож агентийн гэрээ байгуулах ажлыг яаралтай зохион байгуулж, сав баглаа боодлыг захиалах, шаардлагатай мэдээ мэдээллээр хангаж харилцан уялдаа холбоотой ажиллахыг үүрэг болголоо. Маргааш гэхэд агентийн гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд худалдаанд нийлүүлэлт хийж үлдсэн аж ахуйн нэгж эцсийн хугацаа 03 сарын 12 гэхэд бүрэн нийлүүлэлтэд орсон байхыг ажлын хэсэгт чиглэл болголоо.