Нөөцийн махны нийлүүлэлт, хангамжинд хийсэн шалгалтын дүнг хэлэлцлээ

Өнгөрөгч Баасан гарагт Хотын Ерөнхий менежерээс Нөөцийн махны асуудлаар ажлын хэсэгт шуурхай үүрэг даалгавар өгч үйлдвэр агуулахад буй бодит хэмжээ, борлуулалтын цэгүүдэд махны хүртээмж, сав баглаа боодлын чанар, борлуулалтын цэгүүдийн бодит байдал ямар байгаа талаар шалгалт явуулах үүрэг өгсөн. Өнөөдөр шалгалтын дүнг танилцуулж зарим асуудлаар үүрэг чиглэл өглөө.

Шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил дутагдлаас дурдахад зарим бэлтгэн нийлүүлэгчдийн савлагаа чанаргүй, амархан задарч улмаар борлуулалт нь багасдаг, захиалга өгсөн хэмжээнээс багаар болон долоо хоногт 1-2 удаа л нийлүүлэлт хийгддэг, ямааны махны эрэлт муугаас шалтгаалан захиалга хийгдэхгүй байгаа зэрэг зөрчлүүд илэрсэн юм. Мөн Хан-Уул дүүрэгт нөөцийн мах хомсдсон гэх гомдлын дагуу шалгахад бэлтгэн нийлүүлэгч Монгол тогоруу ХХК-ийн махны нөөц дууссантай холбоотойгоор 8 борлуулалтын цэг махгүй болсон байв.

Хотын Ерөнхий менежер бэлтгэн нийлүүлэгч 16, бодлогын гэрээтэй 27 аж ахуйн нэгжүүдэд дараах 4 үүрэг даалгаврыг өглөө.

1. Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд ХХААХҮЯ-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэ
2. Өргөтгөсөн худалдаагаар бэлтгэсэн махаа шахаж борлуулалтын хангамжийг нэмэгдүүлэх зуслан, гэр хорооллын чиглэл рүү нэмэлтээр байгуулсан борлуулалтын цэгүүд рүү хангалт сайтар хийх
3. Өр төлбөртэй борлуулалтын цэгүүдтэй тооцоогоо яаралтай дуусгах. Хэрэв шийдвэрлэхэд хүндрэлтэй байвал нэгдсэн судалгааг ажлын хэсэгт бэлтгэж танилцуулах.
4. Иргэдийн дунд нөөцийн махны эрэлт өндөр байгаа тул өргөтгөсөн худалдааны хугацаа дуусах хүртэл нийлүүлэлтийн тоо хэмжээ давтамжийг нэмэгдүүлэн 7 хоногт 3-аас дээш удаа хангалт хийх.