Мэндчилгээ

Манай цахим ертөнцөөр зочилж байгаа иргэн танд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн  2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд  иргэнээ дээдэлсэн, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, бие даасан эдийн засагтай, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий, олон улсад өрсөлдөх чадвартай Монгол үндэстний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв болгохоор зорин ажиллаж байгаа Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албыг төлөөлөн миний бие мэндчилж байна.

Энэ зорилтын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Миний бие ажлаа хүлээн авснаас хойш “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд “Шарилжгүй Улаанбаатар” аяныг амжилттай өрнүүлж хөл газрын ургамлыг устган, Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлгийн урд талын эвдрэлтэй, ус тогтдог замыг богино хугацаанд засаж иж бүрэн тохижилттой авто зогсоол болголоо.

Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хотын төвийн гудамж зам талбай, цэцэрлэгт хүрээлэнд  380 ширхэг шилмүүст  мод тарьж, Толгойтоос  Амгалан өртөө хүртэл төмөр замын хамгаалалтын зурвас дагуу замын 2 талаар  8000 улиас, хайлаас тарьж арчлалтыг тухайн компани нь хариуцан ажиллах болно. Мөн Дамбадаржаагийн гүүрнээс Замын цагдаагийн гүүр хүртэлх Сэлбэ голын дагуух эргийг ойжуулж, голын урсцыг нэмэгдүүлэн иргэд амрах ая тухтай орчин бүрдүүлэх ажлын зураг төслийг хийлгэж, аж ахуй нэгжүүдэд хариуцуулан ажиллуулахаар бэлтгэл ажлуудыг хийж, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 5,3 м2 -т хүрэх боломж бүрдэнэ.

Инженерийн байгууламжийн чиглэлд хуучин угсармал орон сууцны дулааны техникийн шинэчлэлийг хэрэгжүүлж, дулааны гол шугамуудыг өргөтгөнө. Мөн Улаанбаатар хотод сэргээгдэх болон эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг бий болгож, бохир усыг цэвэршүүлэн ашигладаг технологийг нэвтрүүлж, нийслэлийн гэрэлтүүлгийг нэгдсэн удирдлагын системд бүрэн холбох юм.

Тохижилтын ажлын хүрээнд хог хаягдлыг дахин боловсруулах эко парк байгуулан, орон сууц, гэр хороолол дундах нийтийн эзэмшлийн эвдрэл ихтэй зам талбайг засан, хороо бүрийг бичил цэцэрлэгт хүрээлэн, биеийн тамир спортын чийрэгжүүлэлтийн талбайтай болгох зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна.

Нийслэлийн хүн амыг эрүүл аюулгүй бүтээгдэхүүнээр ханган, хүнсний ногоог борлуулах нэгдсэн сүлжээг боловсронгуй болгоход анхаарч ажиллах болно.

Бидний хийсэн, хийх ажлыг дэмжиж манай  цахим хуудсаар үнэтэй санал хүсэлтээ ирүүлж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

 УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР
  БӨГӨӨД ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ
         ДАРГА ТОГМИДЫН ГАНТӨМӨР