2023-10-02

БОАЖЯ-ны бодлогыг дэмжих, төрөөс баримталж буй байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогод хувь нэмэр оруулж, дэмжиж ажиллах нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нийгэмд нөлөөлөх үүрэг мөн.

Улаанбаатар Эрдэм Их Сургуулийн Сэтгүүл зүй, олон улс судлалын тэнхимийн эрдэмтэн багш нар, сэтгүүл зүйн ангийн оюутнууд хамтран БОАЖЯ-ны бодлогыг дэмжих, төрөөс баримталж буй байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогод хувь нэмэр оруулах, бодлогыг зохих түвшинд хэрэгжүүлэхэд нь дэм болох зорилгоор Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх дүүргийн иргэдээс түүвэрлэн, 500 хүнээс судалгааг анкетийн аргаар авснаа толилуулж байна. Энэхүү судалгааг мэдээлэл цуглуулах, авсан судалгааг хэрхэн боловсруулах аргад оюутнуудыг дадлагажуулахад сургалтын хөтөлбөрт заагдсан сэтгүүл зүйн социологийн хичээлийн хүрээнд хийсэн болно.

Судалгааг арван дөрвөн асуулттайгаар, асуултуудад тодорхой сонголттой хариулт өгөхөөр боловсруулан авлаа. Дараах байдлаар судалгааг дэлгэрэнгүй танилцуулж байна.

Судалгаанд оролцогч нь 18-25 насныхан 33 хувь, 26-40 насныхан 36 хувь, 41-60 насныхан 23 хувь, жаран нэгээс дээш настай иргэд 8 хувийг эзэлжээ.

Судалгаанд нийт 500 иргэн хамрагдсаны 51 хувь нь эрэгтэй, 49 хувь нь эмэгтэй байна.

Судалгаанд хамрагдсан иргэдийн 44% нь дээд, 43% нь дунд, 13% нь бага боловсролтой гэжээ.

Нийслэл хотын гудамж талбайд байрлуулсан хог хийх саванд 500 хүний 284 нь зориулалтын саванд хогоо хийж заншсан гэсэн бол 101 иргэн хогоо тааралдсан газраа хаядаг, 115 иргэн зориулалтын саванд тогтмол хийж хэвшээгүй гэсэн хариулт өгчээ. Үүнээс харахад судалгаанд оролцогчдын бараг 45% нь хотын соёлд суралцаагүй байна гэж хэлж болохоор байна.

Нөгөө талаас хотын гудамж талбайд хогийн савны хүрэлцээ хомс байгаа нь иргэдийг зориулалтын саванд хогоо хийж заншихад сөрөг нөлөө үзүүлж байгаа нь судалгааны дүнгээс харагдаж байна. Иргэдээс асуусан асуулгаар 236 иргэн хотын гудамжинд байрласан хогийн савны хүрэлцээ хангалтгүй, 174 иргэн сав байдаг хэдий ч хүрэлцээ муу гэсэн бол 500 иргэнээс 90 хүн л хогийн сав хүрэлцээтэй гэсэн хариултаас харж болохоор байна.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглаж байгаль орчны бохирдол, хог хаягдлын талаар хэр зэрэг мэдээлж, сурталчилдаг вэ гэсэн асуултад судалгаанд оролцсон 500 иргэний 76 нь сайн бусад нь хангалтгүй гэж хариулсан байна. Эндээс үзэхэд нийгмийн сайн сайхны төлөөх хийсэн ажлаа ард түмэндээ хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан мэдээлэх асуудал дутмаг байгаа нь харагдлаа.

Иргэдийн үзэж байгаагаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр байгаль орчноо хайрлан хамгаалах, орчны бохирдол хүмүүсийн эрүүл аж төрөхөд ямар хор холбогдолтой байдаг талаар тогтмол нийтлэл нэвтрүүлэг, мэдээлэл өгч занших нь чухал гэдэг нь судалгааны дүнгээс харагдаж байна.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээс телевиз болон олон нийтийн сүлжээг ашиглан байгаль орчин, ногоон хөгжлийн талаарх төрийн бодлого, явуулж буй үйл ажиллагааг сурталчилж, мэдээлэх нь үр дүнтэй болохыг судалгаанаас харна уу.

Байгальд ээлтэй хог хаягдлыг зөөх, тээвэрлэх бүтээгдэхүүн хийвэл дэмжиж хэрэглэхэд бэлэн гэж судалгаанд оролцогсдын 359 нь хариулжээ. Харин 40 иргэн дэмжихгүй, 101 иргэн ач холбогдол бага гэж хариулсан нь байгаль орчинд өнөөдрийн бидний хэрэглэж байгаа гялгар уутны сөрөг үр дагаврыг мэдэхгүй байгаатай холбоотой болов уу гэж судлаачдын зүгээс дүгнэж байна.

Хог хаягдын талаар хүний эрүүл мэнд хийгээд байгаль орчинд хэрхэн сөрөг нөлөө, үр дагавар үзүүлдэг талаар мэдлэг, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан тогтмол явуулж занших нь ажлын үр нөлөөг үр дүнтэй болгох нь дамжиггүй. Аливаа нийгмийн ажил үр дүнтэй байж үр өгөөжөө өгөхөд иргэд болоод төрийн бодлогын уялдаа холбоотой ихээхэн хамааралтай юм.

Монгол Улсыг тогтвортой хөгжүүлэх, “Ногоон хөгжлийн хөтөлбөр”-ийг нийгэмд үр өгөөжтэй ажил болгоход олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэл, сурталчилгааг тогтмол явуулах нь чухал гэдгийг судалгаанд оролцогсдын 270 гаруй иргэн үзсэн бол хааяа энэ чиглэлийн мэдээлэл явуулдаг гэж судалгаанд  оролцогсдын 181 нь хариулсан байна. Эндээс харахад төрийн бодлого үр дүнтэй ажил болоход нийгэмд, иргэдэд тайлбарлан таниулах ажлыг тогтмолжуулах нь чухал гэдэг нь дахин батлагдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.