2023-10-02

Гэр хорооллын үерээс хамгаалах болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг бэхжүүлэх төслийн хэлэлцүүлэг болж байна

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох сангийн 4,5 сая ам долларын санхүүжилтээр Улаанбаатар хотын хамгийн өндөр эрсдэл бүхий гэр хорооллын 7 хорооны уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ялангуяа үерийн аюулыг тэсвэрлэх чадавхыг оршин суугчдын оролцоотойгоор үерийн хамгаалалт болон суурь үйлчилгээг сайжруулах замаар бэхжүүлэх төслийн хэлэлцүүлэг болж байна.

Энэхүү төслийг Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн чиг хандлага болон 2015 онд боловсруулсан Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн менежментийн стратегийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох Монгол улсын бодлогын чиглэл, стратеги дээр үндэслэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдийн үерийн аюултай бүсэд орших 7 хорооны захиргаа, иргэдийн оролцоотойгоор боловсруулсан.

Уг төсөл 3 жилийн хугацаатай үргэлжлэх бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 7, 24, 25 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 12, 13, 16 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороодод хэрэгжих бөгөөд тус төслийн хүрээнд дараах ажлууд хийгдэнэ.

* Үерийн гамшгийг тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэхэд  чиглэсэн аюул, эрсдэлийн баримт, мэдээлэл цуглуулах, газар ашиглалтын төлөвлөгөө боловсруулах

* Гэр хорооллын үерийн аюул гамшгийг тэсвэрлэх чадавхыг дүүрэг, хорооны болон хэсгийн түвшинд дээшлүүлэхэд чиглэсэн чадавхыг хөгжүүлэх үйл ажиллагаа явуулах ба оршин суугчдын түвшинд оролцоонд суурилсан үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах

* Гэр хорооллын үерээс хамгаалах байгууламжийн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх

* Мэдлэг, мэдээллээр хангах менежмент болон харилцаа холбоог бэхжүүлэх

Төсөл хэрэгжүүлэгч байгууллагаар Нэгдсэн үндэсний байгууллагын Хабитат ажиллаж байна.