Тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан Хувийн орон сууцны конторуудын үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагад шилжүүлж эхэллээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь 2017 онд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлгүй 530 гаруй иргэн, хуулийн этгээд хувийн орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлж байсан замбараагүй байдалд анхаарал хандуулан Эрчим хүчний зохицуулах хороо, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-тай хамтран хуулийн хүрээнд үе шаттай арга хэмжээ авсны үр дүнд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийг 61 болгож цэгцлээд байна.
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Т.Гантөмөр нарын хамтарсан тушаалаар 2019 оны 10 дугаар сард байгуулагдсан Ажлын хэсэг нь “Тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа 9 хувийн орон сууцны конторын үйл ажиллагаа”-нд үзлэг шалгалт зохион байгуулсан.
Үзлэг шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгж дотор “ямар ч тусгай зөвшөөрөлгүй, мэргэжлийн инженер техникийн ажилтангүй, шугам сүлжээний эзэн харьяалалгүйгээр” үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ оршин суугчдын ус, дулааны төлбөрийг УБДС ТӨХК, УСУГ ОНӨААТҮГ-т олон жил төлөлгүй 660 гаруй сая төгрөгийн өр төлбөр үүсгэсэн байдал илэрч байна.
Үүний дотор Хаан-Уул өргөө ХХК нь өөрийн хариуцдаг 7 байрны 1000 гаруй оршин суугчдын ус, дулаан, эрчим хүчний хангамжийг доголдуулж, 200 гаруй сая төгрөгийн өрийг үүсгэж, үйлчилгээгээ 2019 оны 5 сараас бүрэн зогсоосон байна.
Дээрх тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор өнөөдөр Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр нь Эрчим хүчний зохицуулах хороо, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ, Сууц өмчлөгчдийн холбоодын төлөөллийг оролцуулан хуралдаж, Хаан-Уул өргөө ХХК-ийн хариуцаж байсан Баянзүрх дүүргийн 4, 5, 6 дугаар хороонд байрлах 23, 24, 82, 38, 13а, 13б, 18б байруудын ус, дулааны өр төлбөрийг хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх, нийтийн аж ахуйн засвар, үйлчилгээг мэргэжлийн байгууллага болох Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.