2023-06-01

Давсны хэрэглээг бууруулъя!

Насанд хүрсэн хүн хоногт 5 граммаас бага буюу 1 цайны халбага хүрэхгүй давс хэрэглэхэд л бие махбодод хангалттай гэсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж байдаг.

Энэ хэмжээнээс илүүдэх аваас эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлнэ.  Өнөөдөр насанд хүрсэн Монгол хүний хоногийн дундаж давсны хэрэглээ 7.1 гр. Харин Улаанбаатарчуудын давсны хэрэглээ судлаачийн дүгнэснээр дээрх зөвлөмж хэмжээнээс 2 дахин их буюу 11,7 гр, зарим аймагт гурав дахин их буюу 15,4 гр байгаа бөгөөд нийт хүн амын 83 орчим хувь нь 5 гр-аас их давс хэрэглэж байгаа гэсэн судалгаа гарчээ. Хүйсээр нь авч үзвэл монгол эрэгтэй хүн хоногт 11.6 гр, эмэгтэй хүн хоногт 10.5 гр давс хэрэглэдэг болохыг тогтоожээ. Давсныхаа 46.2 хувийг цай, 33.5 хувийг хоолноос авдаг ажээ.
Монгол Улс цусны даралт ихсэх өвчнөөрөө  Азийн 35 орны хэмжээнд нэгдүгээрт орж байгаа. Энэ нь гурван хүн тутмын нэг нь цусны даралттай гэсэн үг. Иргэд даралт ихэслээ гээд эм уугаад яваад байдаг. Гэтэл тэрнийхээ оронд өдөр тутам давсны хэрэглээгээ бууруулах хэрэгтэй. Энэ нь хамгийн үр дүнтэй, эдийн засагт хэмнэлттэй аргын нэг юм. Бидний хоногт идсэн нийт давсны 75 хувь нь талх, хиам, төрөл бүрийн соус зэрэг өдөр тутам иддэг хүнсний бүтээгдхүүнд агуулагдсан байдаг учраас та хоолондоо давс нэмдэггүй ч гэсэн давс хэтрүүлэн хэрэглэх нь тун амархан болжээ. Тийм болохоор идэж байгаа зүйлсдээ анхаарал хандуулж давсны хэрэглээгээ бууруулъя.