2023-01-31

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР БӨГӨӨД ЗАХИРАГЧИЙН АЖЛЫГ АЛБАНЫ ДАРГА М.БАЯРАА: САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ НИЙСЛЭЛ ХОТЫН ХЭМЖЭЭНД 15 БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛНА.

Нийслэлийн Засаг даргын Сар шинийн баярыг тохиолдуулан иргэдэд мах, цагаан идээ болон бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг нэг дороос өргөн сонголтоор худалдан авах боломжийг бүрдүүлэх мөн авто замын ачааллыг бууруулах зорилгоор өргөтгөсөн худалдаа зохион байгуулах А/13 тоот захирамж гарсан. Захирамжаар өргөтгөсөн худалдаа зохион байгуулах Ажлын хэсгийг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа ахалж байна. Өнөөдөр ажлын хэсгийн хурал Нийслэлийн захирагчийн ажлын албан дээр боллоо.

Улсын хэмжээнд цагаан сарын баярт иргэд 1.3 их наяд төгрөгийг зарцуулдаг бөгөөд үүнээс нийслэл хотын иргэд 618 тэрбум төгрөгийг зарцуулдаг гэсэн судалгаа гарсан байна. Энэ мөнгөний 70 хувийг дотооддоо үлдээх нь чухал. Иймд энэ удаагийн өргөтгөсөн худалдааг ЖДҮ эрхлэгч нартай хамтран байгуулж байгаараа онцлог болно.

Хамгийн том өргөтгөсөн худалдааг Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийн газраас БЗД-ийн нутаг дэвсгэр дээр Шинэ зуун айл төвийн 8400 м2 талбайд 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 02 дугаар сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулна. Энд 21 аймаг 9 дүүргийн 1000 ЖДҮ эрхлэгч нарын 1500 бараа бүтээгдэхүүн үйлчилгээ хамрагдана.

Зөвхөн үндэсний үйлдвэрлэгч нарын бараа бүтээгдэхүүнийг зарахаас гадна хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны уулзалт гэрээ хийгдэхээр зохион байгуулна. Мөн 7 хоног бүр олон олон эвент арга хэмжээнүүд болно. Энэ өргөтгөсөн худалдаанд оролцогч ЖДҮ эрхлэгчийн бараа бүтээгдэхүүнийг shoppy.mn ard.mn зэрэг онлайн худалдааны сайт дээр амар байна уу платформ үүсгэж дэмжинэ. Мөн Дүнжингаравын 5 чиглэлийн 60 автобусыг Шинэ зуун айл төв дээр зогсох зохицуулалтыг хийхээр ажиллаж байна.