2023-01-31

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР БӨГӨӨД ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА М.БАЯРАА МЯНГАНЫ СОРИЛТЫН САНГИЙНХАНТАЙ УУЛЗАЖ, УЛААНБААТАР ХОТЫН “НИЙТ УС ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Өнөөдөр Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга М. Баяраа Мянганы сорилтын сангийнхантай уулзаж, Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд Нийслэл хоттой хамтран ажиллах Баруун эх үүсвэрийг байгуулах төсөлд УГЦҮ-ийн дулаан хангамжийн асуудал, Хаягдал ус боловсруулах төсөлд ажлын зураг батлуулах, хэрэгжүүлэгч байгууллагын гэрээний асуудал, Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөлд УСУГ-ын хөрөнгийн менежмент, нийслэлийн хэмжээнд ус түгээх байрны төлөвлөлтийг сайжруулах чиглэлээр санал солилцлоо.

МЯНГАНЫ СОРИЛТЫН САНГААС ХЭРЭГЖҮҮЛЭХ “НИЙТ УС ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖИХ ТӨСЛҮҮДИЙН ТАЛААР ТОВЧХОН Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийг урт хугацаанд тогтвортойгоор нэмэгдүүлэхэд чиглэсэн “Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг 2021-2026 онд хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрийн хүрээнд хоорондоо харилцан уялдаа бүхий дараах гурван төсөл хэрэгжинэ. Үүнд:

1.Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа буюу Улаанбаатар хотын баруун доод хэсэг Биокомбинат, Шувуун фабрик орчимд газрын доорх усны шинэ эх үүсвэрүүдийг холбогдох дэд бүтэц, усан сан болон ус цэвэршүүлэх дэвшилтэт технологи бүхий үйлдвэрийн хамт байгуулах төсөл. 2. Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаа буюу шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулж, гурав болон дөрөвдүгээр ДЦС-д нийлүүлэх үйлдвэрийг холбогдох дэд бүтцийн хамт байгуулах төсөл.

3.Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа буюу Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн бодлого, хууль эрх зүйн орчин, институцийн чадавхыг сайжруулах төсөл. Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр Улаанбаатар хотын урт хугацааны ус хангамжийг ойролцоогоор 64 сая шоо метр буюу өнөөгийн түвшнээс 83 хувиар нэмэгдүүлж, нийслэл Улаанбаатар хотын хүн амын унд-ахуйн усны хурдтай өсөн нэмэгдэж буй хэрэгцээг урт хугацаанд, тогтвортой хангах, эдийн засгийн ирээдүйн өсөлтийг дэмжих таатай нөхцөлийг бий болгох юм.