“УЛААНБААТАР ХОТЫН ХҮНСНИЙ ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ТӨСӨЛ” ТАНИЛЦУУЛГА
Төслийн дугаар | 51102-001 |
АХБ-ны буцалтгүй тусламжийн дугаар | МОН-9202(EF) |
Санхүүжүүлэгч байгууллага | Ядуурлыг бууруулах Япон Улсын сан |
Хүлээн авагч | Монгол Улсын Засгийн газар |
Гэрээний дүн | 3 сая ам.доллар |
Гүйцэтгэгч байгууллага | Нийслэлийн Засаг даргын Тамгын газар |
Хэрэгжүүлэгч байгууллага | Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтэс |
Батлагдсан огноо | 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр |
Гарын үсэг зурсан огноо | 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр |
Хүчин төгөлдөр болсон огноо | 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр |
Япон Улсын ЗГ-аар батлагдсан огноо | 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр |
Төсөл хэрэгжиж дуусах огноо | 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр |
Төслийн зорилго
Иргэдийн оролцоотойгоор эрүүл, аюулгүй орчин болон эдийн засгийн өсөлттэй, ногоон, тогтвортой хөгжлийг бий болгоно. Төслийн зорилго нь хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах технологийг иргэдийн оролцоотойгоор нэвтрүүлэхэд чиглэгдэнэ.

Төслийн хүлээгдэж буй үр дүн:
1: Хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах хувилбаруудыг тодорхой болгох.
Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлын нөхцөл байдалд нарийвчилсан судалгаа, үнэлгээ хийнэ. Судалгаанд айл, өрх, сургууль, цэцэрлэг, зах, худалдааны төв, ресторан болон зочид буудал зэргийг хамруулж, i) хүнсний хаягдлын бүрдлийг тодорхойлох ii) иргэдийн дахин боловсруулалтад оролцох сонирхол, гарах үр дүнгийн талаарх хүлээлтийг тодорхойлох ба судалгааны үр дүнг олон нийтэд танилцуулна.
2: Хүнсний хог хаягдлыг иргэдийн оролцоотой дахин боловсруулах.
Тус бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хүнсний хаягдлыг иргэдийн оролцоотой дахин боловсруулах туршилтын төслийг 3 түвшинд хэрэгжүүлнэ.
- Өрхийн түвшинд хүнсний хаягдлаар бордоо хийх жижиг хэмжээний туршилтын төсөл. Энэ ажлын хүрээнд сонгогдсон 5 хорооноос тус бүр 10 өрхийг сонгож, тус 10 өрхийн хүнсний хаягдлыг цуглуулж, бордоо хийх 1 өрхийг сонгож ажиллуулна. Тус өрх нь цуглуулсан хүнсний хаягдлаа дахин боловсруулж, бордоо үйлдвэрлэх ба тус бордоог хорооны тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажилд ашиглана.
- Байгууллагын түвшинд буюу дунд хэмжээний туршилтын төслийн хүрээнд 5 сургууль, 5 цэцэрлэгийг сонгож ажиллуулна. Тухайн сургууль, цэцэрлэгийн гал тогоо, хоолны газраас гарсан хүнсний хаягдлаар бордоо хийж, сургууль, цэцэрлэг доторх ногоон талбайд цэцэрлэгжүүлэлт хийх бөгөөд тус ажилд сурагч хүүхдүүдийн оролцоог хангуулж, хүүхдүүдэд байгаль орчинд ээлтэй байх, хог хаягдлыг дахин боловсруулах талаар мэдлэг олгох ач холбогдолтой ажил хийгдэнэ.
- Том хэмжээний туршилтын төслийн хүрээнд Нарангийн энгэрийн Эко паркад хүнсний хаягдлыг дахин боловсруулах бордооны байгууламж байгуулна. Тус дахин боловсруулах байгууламж нь өдөрт 2,000 кг бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай байх бөгөөд бордоо савлах тоног төхөөрөмж зэргийг суурилуулна. Мөн хогийн цэгт хаягдал түүж амьдардаг иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор тус үйлдвэрт иргэдийг ажиллуулах болно.
3: Хүнсний хаягдлыг дахин боловсруулалтыг өргөжүүлэх хөтөлбөр боловсруулах.
- Хүнсний хаягдлыг дахин боловсруулахын ач холбогдол, арга замын талаар иргэд, байгууллагуудад мэдээлэл, сурталчилгааны ажил явуулна.
- Бордооны ирээдүйн зах зээлийн эрэлтийн судалгаа хийнэ.
- Хүнсний хаягдлыг дахин боловсруулж, өөр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийн судалгаа хийнэ.
- Туршилтын төслийг өргөжүүлэхэд шаардлагатай хууль, эрхзүйн орчин, байгууллагын тогтолцоо, бүтэц зохион байгуулалтын талаар судалгаа хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, бодлогын баримт бичгийн төсөл боловсруулна.
Төслийн санхүүжилт:
Японы Ядуурлыг Бууруулах Сангийн буцалтгүй тусламж | 3 сая ам.доллар |
МУ-ын Засгын Газар | 200,000 ам.доллар |
Улаанбаатар хотын хүнсний хаягдлыг дахин боловсруулах төсөл
НЗДТГ | АХБ | НЗАА | ЯЯБС
Төслийн нэгж бүрэлдэхүүн
2020 оны 2 сарын 12-ний өдрийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гарсан тогтоолын дагуу 2020 оны 6 дугаар сард “Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл”-ийн нэгж амжилттай бүрдэж одоогийн байдлаар 4 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.
Анхны ТУХ-ны хурал амжилттай боллоо
Нийслэлийн засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А750 захирамжийн дагуу байгуулагдсан “Төслийн удирдах хорооны” гишүүд 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр анхдугаар хурлыг хийж 2020 оны ерөнхий, санхүүгийн, худалдан авалтын төлөвлөгөөнүүд болоод тулгамдаад буй асуудлуудыг хэлэлцэж шийдвэр гаргалаа.
Нарангийн энгэрт 1 га газар НЗАА-аас хуваариллаа
Төслийн 3-р үр дүнгийн хүрээнд өдөрт 2 тонн бордоо боловсруулах хүчин чадалтай үйлдвэр баригдах юм. Энэ ажлын хүрээнд Азийн Хөгжлийн Банктай байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн дагуу Нарангийн энгэрт байрлах Эко паркид Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас 1 га газрыг зориулалтын дагуу ашиглахыг зөвшөөрөн хуваарилалт хийж өглөө. Урьдчилсан төлөвлөгөөгөөр хүнсний хаягдлаар бордоо хийх үйлдвэрийн барилгын ажил 2021 онд эхлэх юм.
Төслийн гарах үр дүн:
Үр дүн 1: Хүнсний хаягдлыг дахин боловсруулах хувилбаруудыг тодорхой болгох.
Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлын нөхцөл байдалд нарийвчилсан судалгаа, үнэлгээ хийх i) Хүнсний хог хаягдлын бүрдлийг тодорхойлох ii) Иргэдийн дахин боловсруулалтад оролцох сонирхол, гарах үр дүнгийн талаарх хүлээлтийг тодорхойлох.
Үр дүн 2: Хүнсний хог хаягдлыг иргэдийн оролцоотой дахин боловсруулах.
Тус бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хүнсний хог хаягдлыг иргэдийн оролцоотой дахин боловсруулах туршилтын төслийг 3 түвшин (жижиг, дунд, том)-д хэрэгжүүлнэ.
- 5 хорооны 10 өрхийн дунд иргэдийн оролцоотой хүнсний хог хаягдал дахин боловсруулах;
- 5 сургууль, 5 цэцэрлэгийн дунд сурагчдын оролцоотой хүнсний хог хаягдал дахин боловсруулах;
- Хүнсний хог хаягдлаар өдөрт 2,000 кг бордоо үйлдвэрлэх хүчин чадал бүхий байгууламж байгуулах.
Үр дүн 3: Хүнсний хог хаягдлыг дахин боловсруулалтыг өргөжүүлэх хөтөлбөр боловсруулах.
- Оролцогч талуудын боловсролыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх;
- Бордооны ирээдүйн зах зээлийн эрэлтийн судалгаа хийх;
- Хүнсний хог хаягдлыг дахин боловсруулж, өөр төрлийн бүтээгдэхүүн гаргаж ирэх боломжийн судалгаа хийх;
- Хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах хүрээнд Улаанбаатар хотын хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, бодлогын баримт бичиг боловсруулах.